БУЛГАН: Малчин эмэгтэйчүүдийн 23,6 хувь нийгмийн даатгалд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-07 15:38:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Шинэ хөгжлийг түүчээлэгч шилдэг төлчин эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.


Чуулга уулзалтыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нээж үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг “Аймгийн малчин эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах арга хэмжээний тухай” мэдээлэл хийлээ. Аймгийн нийт 61389 хүн амын 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт хөдөлмөрийн насны 33303 иргэний 15970 нь буюу 47.9 хувь нь эмэгтэйчүүд, ажилгүй иргэдийн 45.5 хувь буюу 390 нь эмэгтэйчүүд байгаа нь нийт ажилгүйчүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин 2021 оны мөн үеэс 2.3 хувиар буурсан байна.


Аймгийн хэмжээнд нийт 2400 гаруй нэн ядуу буюу харьцангуй бага хэрэглээтэй амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүд байдаг. Эдгээр өрхийн 240 хувь нь өрх толгойлон амьдарч байгаа эцэг эхчүүд байна. Өөрөөр хэлбэл өрх толгойлон амьдарч байгаа 2068 иргэний 1570 нь эмэгтэй, 498 нь эрэгтэй байгаагийн 50 гаруй хувь нь ажилгүй, өрхийн орлого багатай, хөдөөгийн малчин өрхүүд байна.


Энэ судалгаанаас харахад, ажилгүйдэл ядууралд эмэгтэйчүүд илүү өртөж байгаа нь ажиглагдаж байна. Аймгийн нийт өрхийн 59.5 хувь нь малчин өрх байдаг бөгөөд үүнээс нийт 14176 малчин иргэд байна. Эдгээр иргэдийн 38.5 хувь нь буюу 5466 нь малчин эмэгтэйчүүд байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 1202 залуу малчин эмэгтэйчүүд байна. Малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдгаас нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа тухай судалгаа байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлсийн дарга М.Батчимэг мэдээлэлдээ онцлон дурдлаа.

          Судалгаанаас харахад, манай аймгийн нийт малчин эмэгтэйчүүдийн 23.6 хувь нь буюу 1292 нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч дутмаг, хөрөнгө санхүүгийн тогтмол орлого байхгүй, мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй зэрэг бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна гэж тайлбарласан байна.

          Чуулга уулзалтад 16 сумын 500 эмэгтэй оролцож байна. Тэргүүний эмэгтэйчүүдийг төрийн болон Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар урамшууллаа. Чуулга уулзалтын зарим үйл ажиллагааг “Булганхангайн хөгжлийн төлөө” сан ивээн тэтгэжээ.


Холбоотой мэдээ