БУЛГАН: Цагдаагийн газрын хяналтын камерийн шинэчлэлийг бүрэн хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-13 08:41:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын камерийн хяналтыг сайжруулахын тулд сүүлийн гурван жилд 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвийн бүрэн камержуулалтын ажлыг хийж ашиглалтанд орууллаа. 

“Ногоон бүс“ төслийн хүрээнд орон нутгаас 2021, 2022 онд тус бүр 50,0, энэ онд 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, теле камеруудын хяналтын хүрээг тэлж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ онд Булган сумын “Залуус“ хорооллыг хяналтын камертай болгох, аймгийн төвийн авто замын орох, гарах чиглэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолооч, зорчигчийг таних орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хяналтын камер шинээр сууриллуулах ажлыг зохион байгуулахаар тендер шалгаруулалт зарлуулан ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ. 

2013 оноос хойш шинэчлэл хийгээгүй байсан аймгийн Цагдаагийн газрын камерын хяналтын систем бүрэн ашиглалтад орсноор аюулгүй, амар тайван орчинг бий болгож, нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй болон зорчин өнгөрөгч иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Б.Одхүү хэллээ.

Холбоотой мэдээ