БУЛГАН: “Эрүүл байгаль ухамсарт хэрэглээ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-01 12:52:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил аялал жуулчлалыг эдийн засгийн нэг салбар болгон хөгжүүлж, аялалын хог хаягдалгүй аймаг болох зорилт дэвшүүлээд байна.  


Тиймээс хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, хаягдлыг хэрэглээ болгох үүднээс “Эрүүл байгаль ухамсарт хэрэглээ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна гэж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэллээ. Тус өдөрлөгийг угтаж болзолт уралдаан зарлаж, хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах боломжийг сурталчлах, иргэдийн хариуцлагатай хэрэглээ зөв дадал хэвшилд уриалах, байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах ажил зохион байгууллаа. Мөн иргэдийн хог хаягдалд хандах хандах сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, хаягдлыг баялаг болгох зорилготой шинэ санаа, санаачлагыг сурталчилж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Алтанцэцэг ярилаа.


"Хогоо хувиргаж хэрэглээгээ хэмнэе" уралдаанд Булган сумын иргэн О.Эрдэнэ-Оюун,  "Эрүүл ирээдүй-Ухамсарт иргэн" уралдаанд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Ч.Болдхүү, "Загвар аж ахуй нэгж, айл өрх шалгаруулах" уралдаанд “Жавхлант гартаам” ХХК, Стандартчлал хэмжил зүйн хэлтэс, Булган сумын 4-р цэцэрлэг, аймгийн Эрүүл мэндийн газар, Булган сумын иргэн М.Рэнцэнбалжирын гэр бүл шалгарлаа.


Аймгийн Засаг даргын Тамгын газар, Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” төрийн бус байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар энэ өдөрлөгийг хамтран зохион байгууллаа.


Холбоотой мэдээ