БУЛГАН: Буриад дуу, бүжгийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-01 13:22:40

Булган /МОНЦАМЭ/  Олон улсын "Алтаргана" XV наадам угтсан "Буриад зон-Өв соёл" аяны буриад дуу, бүжгийн шилдгийг шалгаруулах уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган суманд боллоо.


Уралдаанд аймгийн 16 сумын 460 гаруй авьяастнууд буриад дуу, бүжгийн өв соёлын уралдааны дөрвөн төрөлд гурван насны ангиллаар өрсөлдсөн юм. Бүжгийн хамтлагийн төрлийн 5-8 насны ангилалд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Яргуй” хамтлаг, 9-14 насны ангилалд Хангал сумын Хялганат тосгоны “Хараацай” чуулга, 15-18 насны ангилалд Хутаг-Өндөр сумын “Язгуур-2” хамтлаг шалгарлаа.


Буриад ардын дууны төрлийн 7-16 насны ангилалд Баян-Агт сумын М.Гүнжээ, 17-35 насныхнаас Гурванбулаг сумын Б.Батхүү, 36-с дээш насны ангилалд Тэшиг сумын Д.Энхтуяа нар түрүүллээ. Гоцлол дууны төрлийн 7-16 насны ангилалд Булган сумын Э.Байгал, 17-гоос дээш насны ангилалд мөн сумын Б.Булгансайхан, дууны хамтлагийн төрлийн 7-16 насныхнаас Булган сумын “Алухай” хамтлаг, 17-гоос дээш насны ангилалд Тэшиг сумын хамтлаг тэргүүллээ. Багийн дүнгээр Булган, Тэшиг, Хутаг-Өндөр сум шалгарчээ. 


Холбоотой мэдээ