БУЛГАН: Тарьц, суулгацын үнийг нэгдсэн байдлаар гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймгийн хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих өдрийг угтаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг тарьц суулгацаар хангах ажлыг хавар, намар зохион байгуулж байна. Энэ хаврын хувьд тарьц, суулгацын үнийг нэгдсэн байдлаар гаргаад байна.
Навчит гоёлын болон жимсний модны үнэ өндрөөсөө шалтгаалан 1500-15000 төгрөг байна. Тухайлбал 20-100 см өндөртэй хайлаас 1500-3500, шар хуайс, алтан харгана 2000-5000, гүйлс, буйлс, монос, голт бор 5000-12000 төгрөг байна. Жимсний модны хувьд 40-80 см өндөртэй долоогоны суулгац 8000-10000, 20-80 см өндөртэй улаалзгана, үхрийн нүдний суулгац 3500-12000, 20-100 см өндөртэй чацаргананых 2500-5500 төгрөг аж. Гацуур, хуш, нарс, шинэс зэрэг шилмүүст модны тарьц өндрөөсөө шалтгаалан 40000-90000 төгрөг байна.
Мэргэжлийн байгууллага мод үржүүлгийн газарт үрээр болон мөчрөөр нь тарьсан 30 шахам төрлийн тарьц, суулгацыг нийт суманд борлуулж байгаа юм.