Ливид үерийн улмаас 3000 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-13 10:40:15

ТРИПОЛИ. /Xinhua/. Ливид зүүн нутгийн Дерна хотод нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний 3060-д хүрч, 5200 хүн сураггүй хэвээр байна гэж зүүн нутагт байрладаг Дотоод хэргийн яам мягмар гарагт мэдээлжээ.


“Ар гэрийнхэн нь хэн болохыг нь тогтоосон 2800 цогцсыг оршуулсан бол хэн болох нь тогтоогдоогүй 260 цогцос хотын эмнэлэгт байна” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Тарек аль-Харраз “Xinhua” агентлагт мэдээлсэн байна.


Аль-Харразын мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хотын янз бүрийн газруудаас цогцос нэмж олдсоор байгаа тул амь эрсэдсэн хүмүүсийн бодит тоо өндөр байж болзошгүй байна.


Эргийн энэхүү хотод мягмар гаргаас буюу гамшигт нэрвэгдсэнээс 36 цаг гаруйн дараа тусламж ирж, аврах ажиллагаа эхэлсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Үерийн гамшгийн улмаас хот руу хүрдэг олон зам эвдэрч сүйдсэн байна. Тус хот нь 89 мянга орчим оршин суугчтай.


Харин Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар байгууллагын Ливи дэх төлөөлөгч Тамер Рамадан НҮБ-ын хурлын үеэр мягмар гарагт мэдээлэхдээ, үерт нэрвэгдсэн бүсүүдэд доод тал нь 10 мянган хүн сураггүй болсон гэжээ.


Газрын Дундад тэнгисийн шуурганы нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Ливийн зүүн хэсэгт хөрс нурж, үер болж, дэд бүтцэд их хэмжээний хохирол учирсан байна.


Даваа гарагт Ливийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн тэргүүн Мохамед Менфи тус улсын Дерна, Аль-Байда, Шаххат хотуудыг тусламж нэн шаардлагатай бүс нутаг гэж зарлаад, үерийн гамшгийн уршгийг арилгахад тусламж үзүүлэхийг олон улсад уриалжээ.

Холбоотой мэдээ