Монголд 211 виртуал хөрөнгө бүртгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-11 14:56:32

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын хувьд 2023 оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд нийт 12 хуулийн этгээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлтэй байна.


Эдгээр 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ дээр давхардсан тоогоор нийт 912238 хэрэглэгч бүртгэлтэй.


Үүнээс 50.2 хувь буюу 458 мянган хэрэглэгч бүртгэлээ баталгаажуулжээ. Харин 9.3 хувь буюу 85 мянган хэрэглэгч идэвхтэй арилжаанд оролцдог байна. Түүнчлэн 211 виртуал хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 41 нь дотоодын,  170 нь гадаадынх. Бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хийсэн өдрийн дундаж арилжаа 128.0 сая төгрөг байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын виртуал хөрөнгийн арилжааны дүн 98.2 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ 263.9 тэрбум төгрөгт хүрчээ.


Виртуал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайланд бүртгэгдсэнээр нийт хөрөнгийн хэмжээ 50.6 тэрбум төгрөг, орлогын хэмжээ 2.8 тэрбум төгрөг, тайлант үеийн алдагдал 7.01 тэрбум төгрөг байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон бусад төрийн байгууллага хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд, 2022 оны хоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн юм. Тус хуулийн дагуу СЗХ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн 10 харилцааг зохицуулсан найман журмыг баталжээ. 

Холбоотой мэдээ