Л.Ариунтуяа: Улаанбаатар хот үерийн барилга байгууламжаа 1-2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-27 14:45:00

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11956 өрхийн 34473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, 230 тээврийн хэрэгсэл өртжээ.


Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээр үерийн нөхцөл байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж, олон улсын сайн туршлагыг хэлэлцэн, цаашид баримтлах нэгдсэн бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлохоор санал солилцсон юм.


Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Үерийн дараах нөхөн сэргээлтэд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний 60 гаруй хувь нь насжилт хэтэрсэн, гэмтэл гарч, эрсдэлт нөхцөл байдал үүссэн. Эдгээрийг засварлах, шинээр үерийн барилга, байгууламж барих ажил хийж байна. Мөн үерийн дараа гурван байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км шугам, сүлжээг шинээр хийсэн. Гэхдээ үерийн барилга байгууламж шинэчлэх, засварлах ажил маш өндөр өртөг, төсөвтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулан, НИТХ-аар батлуулсан. Уг төлөвлөгөөнд Улаанбаатар хот үерийн барилга байгууламжаа даруй 1-2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон” гэв.


Хотын хэмжээнд нийт 1100 км гаруй авто зам байгаагийн 16 хувьд нь буюу 168.8 км замд борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ бий. Мөн 18 байршлын 33.8 км борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын 70 хувийг 1990 оноос өмнө хийсэн бөгөөд насжилт хэтэрснийг албаныхан онцоллоо. Түүнчлэн нийт шугамын 60 хувьд лаг, хагшаас хуримтлагддаг бөгөөд ус тогтдог зарим байршилд шинээр борооны ус зайлуулах шугам төлөвлөх шаардлагатай байгаа ажээ.

Холбоотой мэдээ