"Батноров-Дарьганга хийц" үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-27 10:18:08

Хэнтий, Сүхбаатар аймгийн музей хамтран Монгол уран дарханы бурхан ухаанаар бүтсэн “Батноров-Дарьганга хийц” үзэсгэлэнгээ Хэнтий аймгийн музейд нээлээ.

Үзэсгэлэнд Батноров хийцийн эмээл, адууны тоног хэрэгсэл /мөнгөн/, мөнгөн аяга, алдарт уран дархан Тожилын багаж хэрэгсэл, хэт хутга, хормойн боолт, Дарьгангын уран дархчуулын луун хээтэй алт шармал, мөнгөн аяга, шүрэн шигтгээтэй мөнгөн зүүтгэлүүдийг дэлгэжээ.

Дэлхийд гайхагдах Монгол өв соёлын нэгэн тулгуур нь Монгол дарханы бурхан ухаанаар бүтсэн урлалууд байдаг бөгөөд Халхын Сэцэн хан аймгийн Гонгор дайчин бэйлийн хошуу болон Дарьганга хошуу нь Халх даяар нэр алдараа цуурайтуулсан уран дархадтай нутаг билээ. Харин Сүхбаатар аймгийн музей нь 1949 оны 04-р сарын 15-нд аймгийн бага хурлын нарийн бичгийн даргын шийдвэрээр Орон нутгийн кабинет гэсэн нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд 1972 оноос Орон нутгийн судлах музей болж өргөжсөн байна.

Уг үзэсгэлэнгээр алдарт дархчуудын урласан Дарьгангийн бүтээлүүдийг олон түмэнд үзүүлж түүнийг суртчлах явдал зорилготой бөгөөд тус үзэсгэлэн ирэх сарын 16 хүртэл дэлгэгдэх аж.

 

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ