О.Сэргэлэн: Хоёр донорын элгийг нийлүүлж суулгах технологийг бид нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2024-03-30 07:39:22

-Дэлхийн эмч нарын өдөрт-


Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ы доктор, профессор Оргойн Сэргэлэнтэй ярилцлаа.


-Манай улсад 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Эмчилгээний цоо шинэ арга эх орондоо нэвтрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу? 

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах тухай ойлголт 2005 оноос өмнө тун бага байсан. Манай улсад 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд 2005 оныг хүртэл төдийлөн дэлгэрч чадаагүй. Харин 2005 оноос бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн. Бөөр шилжүүлэн суулгасан явдал бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх суурь нь болдог. Тэгээд 2007 оноос элэг шилжүүлэн суулгах тухай асуудал хөндөгдөж, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Д.Батчулуун багш бид хоёрыг Финланд, Герман улсад элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургахаар явуулсан юм. Бид дөрвөн сар суралцан ирж элэг шилжүүлэн суулгах багаа байгуулсан. Тухайн үед багаж тоног төхөөрөмжгүй байсан учраас бидний ажил амар хялбар байгаагүй.


Бээжинд 2009 онд болох Дэлхийн мэс заслын хуралд оролцох урилга ирсэн юм. Тэр үеэр БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн профессор Сан Гю Ли багштайгаа уулзах зөвшөөрөл авсан. Тэгээд багшдаа хүсэлт тавьж 2010 оноос БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн гурвалсан гэрээ байгуулсан. 2007 оноос хойш Шинжлэх ухаан технологийн санд туршилтын мэс заслын төсөл бичиж 26 гахай дээр туршсан.


Туршилтын мэс засал хийж байсан үеэ одоо бодоход хөөрхийлөлтэй ч юм шиг нөгөө талаар инээдтэй ч юм шиг санагддаг. Тухайн үед бид болж байна гэж баярлаж байлаа.


Ямар ч багажгүй, хамгийн наад зах нь элэг шилжүүлэн суулгахад хүний нүдэнд харагдахгүй шахам нарийхан утсаар оёдог, тэгэхэд бид 0, 1, 2 номерын утсаар гахайны элэгний артерыг залгаж байсан юм. Түүнээс хойш 2010 оноос БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв өөрсдийн 100 хувийн зардлаар биднийг сургаж эхэлсэн. 2011 онд “Асан” төвийн баг Монголд ирж бидэнтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Тухайн үед бид дадлага туршлагагүй,багаж тоног төхөөрөмжгүй, мэс заслын дараа тусгаарлах тусгай өрөө тасалгаа ч үгүй байсан л даа. Эрчимт эмчилгээний тасагт элэг шилжүүлэн суулгасан хүмүүсээ даавуун хаалтаар тусгаарлаж байлаа. Тэр үеэс хойш багш нар маань биднийг таван жилийн турш уйгагүй сургасан даа. БНСУ-ын ашигладаг удирдамжийг Монгол Улсын анагаах ухааны хөрсөнд тэр чигээр нь буулгах ажлыг хийсэн. Тэнд байгаа бүх тоног төхөөрөмжийн зургийг авч 2012 онд бид багажтай болж байв. Тэр болтол “Асан”  төвийн баг багажаа авчирч, хагалгаа хийгээд буцдаг байлаа. Бид 2016 оноос хойш өөрсдөө бие даан өнөөдөр 250 дахь мэс заслаа хийж байна.


-Хамгийн анх элэг шилжүүлэн суулгуулсан хүний бие ямар байдаг бол?

-Эхний хүмүүс маань 12 жил болсон, биеийн байдал нь тун дажгүй, эрүүл хүний амьдралаар амьдраад явж байгаа. 10 жилийн ойгоороо бидэнтэй уулзаж, төрсөн өдрөө хамт тэмдэглэж, бидэнд баяр хүргээд явсан. Сайхан  юм билээ. Элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүс маань эрүүл явж байгаа нь бидний хамгийн том баяр юм.


-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж буй технологийн хувьд дэлхийнхээс аль түвшинд явна вэ?

-ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос хэчнээн хүнд мэс засал хийж байгаа тооцоог жил бүр гаргадаг.


Түүгээр Монгол Улс 2022 онд дэлхийд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан, 3 сая хүн амд оногдох тоогоороо нэгдүгээрт орсон. Энэ бол том амжилт юм. Өндөр хөгжилтэй гүрнүүдтэй эн зэрэгцэн элэг шилжүүлэн суулгах тоогоороо нэгдүгээрт орж байна.


Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжилтэй орон, дунд хөгжилтэй оронд хөгжүүлсэн байгаа байдлаар нь хуваадаг юм билээ. Тэгэхэд манай улс хөгжиж буй орнууд дотроо 1, 3, 5 жилийн мэс засал, эмчилгээний дараах үр дүнгээрээ нэгдүгээрт орсон. Эрэмбэлж үзвэл, элэг шилжүүлгэн суулгасан нэг жилийн амжилт 93-94 хувийн амжилттай байдаг. Энэ дүнгээрээ БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн багш нарынхаа шилийг дараад явж байгаа. Тэгэхээр хийсэн тоогоороо ч, 1,3,5 жилийн амьдрах чадвараараа ч нэлээн дээгүүр явж байгаа.


- Цусны бүлэг таараагүй донороос элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн улс орон маш цөөхөн байдаг. Харин Монгол Улсад нэвтрүүлснээр хэчнээн хүнд элэг шилжүүлэн суулгаад байна вэ?

-Тийм ээ, элэг шилжүүлэн суулгахад хэд хэдэн технологи бий. Нэгдүгээрт, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2016 оноос эхэлсэн. Амжилттай явж байна. Харин тархины үхэлтэй донорын олдоц тун тааруу байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 22 тархи нь үхэжсэн донороос элэг шилжүүлэн суулгасан бол бусад нь бүгд амьд донор юм.

Хоёрдугаарт, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоогоороо дэлхийд нэгдүгээрт орсон гэж дээр дурдсан.


Гуравдугаарт, цусны бүлэг таараагүй донороос элэг шилжүүлэн суулгадаг. Энэ бол нэлээн өндөр технологи юм. Энэхүү технологийг нэвтрүүлсэн улс орон маш цөөхөн байдаг. Тэгвэл Монгол Улсад энэхүү технологийг нэвтрүүлээд таван хүнд элэг шилжүүлэн суулгаад байна.

Энэ технологиор элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүс маань 100 хувь эрүүл, эсэн мэнд амьдарч байна. Тэгэхээр энэ бол донорын олдцыг нэмэгдүүлж байгаа юм. Донор олдохгүйгээс ертөнцийн мөнх бусыг үзэж буй хүмүүс бий. Тэдний амийг аврахад цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах явдал маш чухал.


-Одоо та бүхэн энэ чиглэлийн эмчилгээнд ямар дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ. Мөн манай улсаас энэ салбарын шинжлэх ухаанд оруулж буй ямар хувь нэмрийг та онцлох вэ?

-БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвд зөвхөн хийдэг нэг том технологи бол нэг донороос элгийг нь авч хүрэхгүй тохиолдолд хоёр донороос хоёр хэсэг элгийг нь авч нийлүүлж суулгадаг технологийг бид нэвтрүүлэхээр бэлдэж байна.


Ихэнх оронд тархины үхэлтэй донороос бүтэн элэг шилжүүлэн суулгадаг. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах ажил их хариуцлагатай ажил. Донор, репицентээ хариуцна, элгийг нь тайрна.

Амьд донорын жижиг элэг суулгаж байгаа учир 2-3 мм хэмжээний судас залгаж, цөсийг нь гүйлгэдэг маш нарийн, нямбай ажил. Үүнийг элэг шилжүүлэн суулгаж буй төв бүр хийж чаддаггүй. Бидний хамтран ажилладаг АНУ-ын төв гэхэд амьд донороос элэг шилжүүлэн суулгадаггүй.

Тэд ирж бидний хийж байгааг харж суралцдаг гэхчлэн хамтарч ажиллаж байгаа гадны эмнэлгүүд их байна.


Түүнчлэн бид Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны гишүүн. Холбооныхоо хуралд тогтмол оролцдог. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах дэлхийн холбоо гэж байдаг. Тэр холбооны хурлыг өнгөрсөн тавдугаар сард Монголд зохион байгуулсан. Азийн элэг шилжүүлэх холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид нь  ирсэн. Энэ бол бидний амжилтыг дэлхий дахинд таниулсан хурал болсон. Бид олон улсын хурал болон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хуралд урилгаар очиж илтгэл тавих, хурал даргалах гэхчлэн хамтарч оролцдог. 2023 онд Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хуралд 14-үүлээ явж, 10 гаруй ханын илтгэл, 2 аман илтгэл тавьж, хоёр хурал даргалж оролцоод ирсэн. Энэ бол биднийг дэлхийд үнэлж буй нэг үнэлэмж юм.


Красноярскийн эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хоёр удаа сургалтад хамрагдаад явсан. Дөрөвдүгээр сарын 7-ноос тус төвийн дөрвөн эмч, нэг сувилагч манай улсад хоёр сарын хугацаатай ирж суралцах төлөвлөгөө гаргасан. Дараа нь Улаан-Үдийн эмч нар ирж суралцахаар захиалга өгсөн.


-Ер нь, ямар эмгэгтэй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх шаардлагатай гэж үздэг юм бэ?

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 1000-аад хүн байна гэсэн тооцоо бий. Элэгний хавдар, элэгний В, C вирусний гаралтай хатуурал, хүүхдийн элэгний цөсний зам битүү байх гэхчлэн олон шалтгааны улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлага тулгардаг. Өнөөдрийн байдлаар, тархины үхэлтэй донорын хүлээлтийн жагсаалтад 1, 2, 3, 4 дүгээр бүлгийн цустай нийт 400 гаруй хүн бий. Мөн амьд донороос элэг шижлүүлэн суулгах эмчилгээнд 40-өөд хүний материал нь бэлэн, хүлээгдэж байна. Бид энэ хүмүүсийг хүндрэхээс нь өмнө мэс засал хийхийг зорьж байна. Долоо хоногт хоёр удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг. Мөн БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн багш нартайгаа хамтран 2014 оноос хүүхдэд элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн. 2023 оноос ЭХЭМҮТ-ийн багийг сургаж байгаа. ЭХЭМҮТ-д энэ сарын 29-нд очиж нэг хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гурав дахь мэс заслаа хийхээр төлөвлөсөн.


-Танай багт хэчнээн эмч ажиллаж байна вэ?

-Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, элэг, дүрс оношилгоо, лабораторийн эмч нар гээд маш том баг ажилладаг. Ер нь 25 орчим эмчтэй. Мөн хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч нар, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч нар ажилладаг.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, танай багт анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулсны тул 2021 онд төрийн шагнал хүртээсэн. Та бас 2017 онд Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарч байсан шүү дээ. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Дэлхийн мэс заслын холбооны шалгаруулалтад анх удаа монгол хүн шалгарч байв. Ингэхдээ Ази тивээс 11 дэх хүн нь болж байлаа. Дэлхийн нэр хүндтэй шагналыг гардахдаа Японы М.Макүчи профессортой хамт зэрэгцэн зогсоод авсан. Тэр бол үнэхээр бахархалтай сайхан үе байсан.


-Элэг шилжүүлэн суулгахад донорын олдоц хэр байдаг вэ?

-Монголчуудын сайхан нь элгэмсэг, ах дүү, төрөл төрөгсөд, гэр бүлийн гишүүд нэгнийхээ төлөө гэсэн сэгтэлтэй учир амьд донор олддог. Ам бүл цөөтэй хүнд хэцүү ч гэсэн нэгнийгээ үхлийн ирмэгт очихоор аврахын тулд элгээ өгдөг.

Тархины үхэлтэй донор манай Монголд олдох боломж өндөр байдаг. Жилд хэчнээн хүн автомашины ослоор болон өвчний бус шалтгаанаар ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгааг тооцвол донор олдох магадлал өндөр. Гэхдээ ар гэрээс нь заавал зөвшөөрөл авдаг. Шашин шүтлэгийн хувьд монголчууд талийгаач болж буй хүний биед мэс хүргэх дургүй. Буддын шашны номд, “Тархины үхэлтэй хүн донор болбол дээдийн дээд буян” гэж заасан байдаг. Үүнийг ард түмэн ойлгож, буян хийх боломжтой.


-Монголчууд Энэтхэг, БНСУ гэх зэрэг гадаадын орнуудад очиж элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг байсан. Тэгвэл энэ хагалгааг эх орондоо хийдэг болсноос хойш 12 жил болжээ. Энэ хугацаанд иргэдийн гадагшаа явах урсгал багассан байх?

-Тийм, нэлээн багассан. Энэ эмчилгээ Монгол Улсад нутагшаад 10 гаруй жил боллоо. Хавдар Судлалын Үндэсний Төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хоёр том баг ажиллаж байна. Нөгөө талаар Монгол Улсад судасны банк, эдийн банк байхгүй. Зарим хүний анатоми их хэцүү, судсыг нь уртасгах, өргөсгөх гээд их хэмжээний судас шаардлагатай болдог. Нэгэнт судас байхгүй тохиолдолд гадагш явж судасны банктай улсад очиж хийлгэхийг зөвлөдөг.


 -Өртөг мөнгөний хувьд ямар үнээр хийж байгаа вэ?

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг ЭМД-аас 100 хувь санхүүжүүлж байгаа. Донор, репицентийн мэс засал, түүний дараах 30 хоногийн эмчилгээг даатгалаас 100 хувь төлдөг. ЭМД-аас өгч буй төлбөр нь өнөөдрийн байдлаар 113 сая төгрөг. Үүнийг 2020 онд тогтоосон. Өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүний үнэ асар өндөр, долларын ханш өссөн гэхээр тухайн үеийн 113 сая төгрөг хүрэхгүй болж байгаа юм. Тиймээс энэ жил ЭМДЕГ-аас өгөх санхүүжилт тодорхой хэмжээгээр нэмэгдэх болов уу гэж найдаж байгаа.


-Монголд цаашид эрхтэн суулгах өөр ямар мэс заслыг нутагшуулахаар төлөвлөөд байна вэ?

-Ер нь нэлээн олон мэс засал хийхээр төлөвлөөд байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх шилжүүлэн суулгах гээд баг бэлдэж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нойр булчирхай шилжүүлэн суулгах гээд багаа бэлдээд сургасан. Нойр булчирхайг бөөртэй хамт шилжүүлэн суулгадаг. Энэ чиглэлийн хүмүүсээ сонгосон. Донор нь олддог юм бол нойр булчирхай шилжүүлэн суулгахад манай улсад бэлэн болсон.

Швейцарийн Фрибургийн эмнэлэгт, Шонсон эмчийн удирдлагаар

дурангийн мэс заслын дадлага хийж байгаа нь, 2002 он.



УНТЭ нь АСАН төвтэй хамтран 2011-2016 онд 17,18 дахь элэг шилжүүлэн суулгах

мэс заслыг амжилттай гүйцэтгэв.




Холбоотой мэдээ