Тэтгэврийн хуримтлалын дансыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газар байгуулагдсаны 100 хоног дээр ажлаа тайлагнаж, энэ хугацаанд Ирээдүйн өв сан, Хуримтлалын болон Хөрөнгө оруулалтын гэсэн баялгаас орж ирэх хөрөнгө дээр төвлөрсөн гурван санг албан ёсоор нээгээд байна.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн
Монгол Улс тэтгэврийн хуримтлалын сантай болж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тодруулбал, И-Монгол
системд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн хуримтлалын нэрийн дансыг
өнөөдөр албан ёсоор нээж байна. НДШ төлөгч 1.2 сая иргэн бий. Тэд өөрийн төлж
буй шимтгэлийн 17 хувийн хоёр хувийг өөрийн дансанд хуримтлуулж байна гэсэн үг.
Ингэснээр Монгол Улс хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж буйг
онцлон хэллээ.
Тодруулж хэлбэл, НДШ
төлөгч, даатгуулагч бүр хагас хуримтлалын нэрийн данстай болж байна. Энэ нь
тэтгэврийн тогтолцооны нэг шинэчлэл эхэлж буй үйл явдал бөгөөд энэ талаар
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, “Тэтгэврийн шинэчлэлийг
хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе
шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн”-ийг дурдлаа.
“Миний тэтгэврийн мөнгөн
хуримтлал” хэмээн нэрийн дансанд нийт 224 тэрбум төгрөгийн бодит мөнгөн
хуримтлалт үүссэнийг салбарын сайд мэдээллээ. Нэмж тодотгохдоо, 2024
оноос даатгуулагчийн нэрийн дансанд мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн
нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0 хувь,
даатгуулагчийн төлөх 1.0 хувь, нийт 2.0 хувь, мөн сайн дураар даатгуулагчийн
тэтгэврийн даатгалын 2.0 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ гэв.
Даатгуулагч “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээс харахаас гадна Нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой аж.