П.Н.Шастины мэндэлсний 153 жилийн ой өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Зөвлөлтийн нэрт эмч П.Н.Шастины мэндэлсний 153 жилийн ойд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Улсын гуравдугаар төв эмнэлэгт боллоо. Уг ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Ю.Ивахин, УГТЭ-ийн дарга АУ-ны доктор, дэд профессор Ц.Төмөр-Очир тэргүүтэй албаныхан оролцов.
Монгол Улсад орчин үеийн анагаах ухааны хөгжлийн суурийг тавьсан Зөвлөлтийн нэрт мэс заслын эмч, доктор Павел Николаевич Шастин Оросын эзэнт улсын Эрхүү мужийн Куйтун тосгонд 1872 оны хоёрдугаар сарын 10-нд төржээ. Тэрбээр 1923 онд П.Н.Шастин Монголын Засгийн газрын урилгаар ирж анагаах ухааны салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, хэд хэдэн мэс заслын ажлыг амжилттай хийснээс гадна халдварт гэдэсний хижиг, шар зэрэг өвчинтэй эрчимтэй тэмцэж олон мянган хүний амийг аварсан буянтан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг нь Монголын төр засаг үнэлж, 1934 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан. Тэгвэл 1960 онд Улсын гуравдугаар төв эмнэлгийг хүний их эмч П.Н.Шастины нэрэмжит болгон зарласан билээ.
Сонирхуулахад, П.Н.Шастин 1921 онд жанжин Д.Сүхбаатарыг өвдөхөд эмчилсэн түүхтэй. Шастиныхан гурван үеэрээ Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэсэн хүмүүс аж. Түүний мэндэлсний 100 жилийн ойгоор 1985 онд Л.Дашзэвэгийн эх загвараар НАХЯ-ны эмнэлгийн үүдэнд цээж баримлыг босгож, дараа нь III эмнэлгийг шинээр барихад нүүлгэн шилжүүлэхдээ суурийг нь өндөрлөсөн байна.