М.Карлсен 143 мянган шатарчинтай хайнцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОСЛО, 2025 оны тавдугаар сарын 21 /AFP/. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогддог домогт шатарчин Магнус Карлсены 143 мянган тоглогчоос бүрдсэн багтай цахимаар хийсэн тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.
“Chess.com” цахим хуудаснаас зохион байгуулсан “Магнус Карлсен vs. Дэлхий” хэмээх нэртэй халз тулааны үеэр 34 настай норвеги шатарчин дэлхийн өнцөг
булан бүрээс цугласан сонирхогчидтой
тоглосон бөгөөд тэд хэрхэн нүүхээ бүх
нийтийн санал хураалтаар шийдсэн байна.
2013-2023 онд дэлхийн аварга болж байсан М.Карлсентай хийсэн тоглолт дөрөвдүгээр сарын 4-нд эхэлж, тоглогч бүр 24 цагийн дотор дараагийн нүүдлээ хийх боломжийг олгожээ. Ийнхүү тоглолт
зургаан долоо хоног гаруйн
турш үргэлжилсний эцэст даваа гарагт тэнцээгээр өндөрлөсөн
байна.
М.Карлсен тоглолтын талаар дүрс бичлэгээр дамжуулан
сэтгэгдлээ хуваалцахдаа “би өөрийгөө арай илүү гэдгээ тоглолтын эхэнд мэдэрч байсан, гэхдээ үнэнийг хэлэхэд, тэр мөчөөс хойш тэд надад ямар ч боломж олгосонгүй” хэмээн ярьжээ.
Тэрбээр олон мянган хүнтэй ганцаараа тоглосон
анхны их мастер биш юм. Тухайлбал, Оросын Гарри Каспаров 1999 онд 50 мянга гаруй хүнтэй
тоглосон бол Энэтхэгийн Вишванатан Ананд өнгөрсөн жил 70 мянга орчим хүнтэй тоглож байв.