Румын 11 дүгээр сард 1700 дүрвэгч хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 15:59:20

БУХАРЕСТ. /Xinhua/. Европын Холбооны хүсэлтийн дагуу Румын улс 11 дүгээр сард эхний ээлжийн цагаачдыг хүлээн авна гэж тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Леонард Орбан мэдэгджээ.

Европын бодлого хариуцсан зөвлөх тэрбээр “Europa FM” радиод өгсөн ярилцлагадаа, ихэвчлэн Грек болон Италиас ирэх 1700 гаруй дүрвэгч, цагаачийг Румынд байрлах зургаан төвд хуваан хүлээн авна гэж дурджээ.

“Бухарест, Журжу, Галац, Шомкута-Маре, Рэдэуци, Тимишоара хотод байрлах зургаан төвд цагаачид, дүрвэгсдийг хуваан байрлуулж, хоол хүнс, ус, орон сууц болон консулын үйлчилгээгээр хангана. Үүний хариуд Румын ЕХ-ноос дүрвэгч тус бүрт 6000 евро ногдохоор тооцож мөнгө авна” гэж тэрбээр мэдэгджээ.

Сири, Афганистан, Африк болон бусад газраас Европ тивийг зорих дүрвэгсдийн цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь дэлхийн II дайнаас хойших дүрвэгсдийн хамгийн том хямрал болоод байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд