Аж үйлдвэр, эрдэс баялаг болон Эрчим хүчний яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх өдөрлөгт Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, санал хүсэлт, гомдлыг нь шуурхай шийдвэрлэж байна.
Уул уурхайн салбар нь 2025 онд 90 сая тонн нүүрс, 2.5 сая тонн зэсийн баяжмал, 480 мянган тонн газрын тос экспортолж түүхэн дээд хэмжээг эвдсэн амжилттай жил болсныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв индрээс онцоллоо. Ирэх өдрүүдэд дараагийн Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх хөшүүрэг нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байх болно гэдгийг мөн дурдав. Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн яам Ган боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, Багануурын уурхайг түшиглэсэн нүүрсийг пиролизийн аргаар боловсруулах өндөр технологийн үйлдвэрлэл зэрэг мега төслүүдэд аж үйлдвэр эрдэс баялгийн салбар анхаарч байгаа аж.
Тэгвэл Эрчим хүчний яамнаас салбарын бодлого, цахилгаан, дулаан хангамжийн нөхцөл байдал, сэргээгдэх эрчим хүчний шинэ шийдэл, иргэдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх зэрэг олон ажил зохион байгуулах аж.








