Чөлөөт бөхийн ААШТ-ээс эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн барилдаанд Монголын эрэгтэй тамирчид гурван медаль хүртлээ.
Тодруулбал, 57 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүний хувьд финалд Ираны бөхтэй өрсөлдсөн ч барилдааны явцад хавиргандаа гэмтэл авсан юм. Улмаар өвчин намдаагч ашиглаж барилдаанаа үргэлжлүүлсэн ч ялагдлаа. Ингэснээр тэрбээр хоёр жил дараалан тивийн аваргаас медаль хүртэж байна. Өнгөрсөн жил хүрэл медаль авч байсан бол энэ удаа мөнгө болгож амжилтаа ахиулав.
Тэмцээний 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга гурав дахь удаагаа финалдсан ч дахиад мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Энэтхэгийн Абиманюд 5:2-оор дийлдсэнээр ААШТ-ээс гурав дахь мөнгөн медалиа зүүв.
Харин 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү “Парис-2024” олимпын наадмын аварга, Узбекистаны бөх Разамбек Жамаловыг ялснаар шагналын тавцанд гарах эрхтэй болсон. Манай тамирчин тивийн аваргаас гурав дахь хүрэл медалиа гардаж байгаа нь энэ.
Ийнхүү ААШТ-ий эрэгтэйчүүдийн барилдааны эхний өдөр манай бөхчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.





