Улсын заан Д.Хүдэрбулга 2025-2026 оны улирлын барилдаанд хоёр дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.
Энэ нь Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2025-2026 оны улиралд зохион байгуулж буй улс, аймгийн цолтнуудын 24 дэх барилдаан юм. Тус барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Д.Хүдэрбулга зааны хувьд энэ улиралд хоёр дахь түрүүгээ авч байгаа нь энэ. Тэрбээр 21 хоногийн өмнө Наурызын баярт зориулсан барилдаанд түрүүлсэн юм.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат,
“Алдар” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх, Дорнод аймгийн Дашбалбар
сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, заан Д.Анар нар шалгарав. Дунд шөвөгт улсын харцага
Х.Гантулга, Э.Ууганбаяр, өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, начин Т.Довчинсэмбээ
нар үлдэв.

