Азийн элсний VI наадамд оролцох Монголын баг тамирчдаа үдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний спортын VI наадам энэ сарын 22-нд хөшгөө нээнэ.
Найм хоног үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны тамирчид 14 спортын 15 төрөлд өрсөлдөх юм. Харин манай улсаас спортын найман төрөлд 50 тамирчин хүч чадал, авхаалж самбаа, ур чадвараа сорих гэж байна. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, текбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрлөөр өрсөлдөнө.
Тус наадамд оролцох баг тамирчдыг Олон Улсын Олимпын Хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг үдэж, Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгчээ. Энэ удаагийн наадамд оролцох Монголын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ахалж байгаа бөгөөд тамирчид Саньяа хотын зүг энэ сарын 19, 20-нд хүлгийн жолоо зална.





