ОРХОН: Масс олимпиадад 3 дугаар ангийн сурагчдыг анх удаа хамрууллаа

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-18 19:26:17

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй “Математикийн анги нийтийн чанарын уралдаан” амжилттай боллоо.


Математикийн масс олимпиадад төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн 632 ангийн 22 мянга гаруй сурагч оролцож, 4 дүгээр сарын 17-ны өдөр 3000 гаруй сурагч шагналаа гардан авлаа.


Энэ жил анх удаа 3 дугаар ангийн сурагчдыг масс олимпиадад хамруулж, уралдааныг улирлын амралтын үеэр зохион байгуулснаар ачааллыг тэнцвэржүүлсэн байна. Мөн шалгалтын материалыг засах хугацааг богиносгож, анх удаа масс сургалттай сургуулийг шалгаруулжээ.


Масс сургалт гэдэг нь олон сурагчийг нэгэн зэрэг, нэг ижил хөтөлбөр, агуулгаар зохион байгуулалттайгаар хамруулан явуулдаг сургалтын хэлбэр юм.


Математикийн анги нийтийн масс олимпиадад оролцооны гүйцэтгэлээр Н.Алтанзаяа захиралтай 17 дугаар сургууль болон М.Баттөр захиралтай 13 дугаар сургуулийн хамт олон I байрт шалгарлаа.


Мөн математикийн сургалтын чанараар Д.Цэнгэл захиралтай 8 дугаар сургууль болон Г.Өлзийбаяр захиралтай “Эрдмийн сан” сургууль I байрт шалгарсан бол Ц.Чимэддулам захиралтай 5 дугаар сургууль II байр, Ц.Болдсүх захиралтай 4 дүгээр сургууль III байрт тус тус шалгарлаа.


Үнэмлэхүй аварга буюу 100 хувийн гүйцэтгэлтэй сурагчдын тоо 217-д хүрч нэмэгдсэн бөгөөд сургуулийн гүйцэтгэл өмнөх хичээлийн жилийнхтэй харьцуулахад өссөн зэрэг үзүүлэлттэйгээр анги, нийтийн чанарын уралдааныг зохион байгууллаа.