АРХАНГАЙ: Зөвлөгөөнөөр төрийн албаны хөгжил, чадавхыг бэхжүүлэх асуудлыг хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-20 16:44:45

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна.


Зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх асуудлуудыг хэлэлцэж байна.


Зөвлөгөөний хүрээнд хөгжлийн бодлого, үр дүнд суурилсан төлөвлөлт, жендэрийн хариуцлагатай төсөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт-шинжилгээний арга зүй, мөн төрийн албан хаагчдын ёс зүй, цахим ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр илтгэлүүд өрнөж байна.


Энэхүү зөвлөгөөнөөр байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг сайжруулах, тайлагналт, мэдээллийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн бодитой зорилтуудыг дэвшүүлж байна.


Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид илтгэлдээ төрийн албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулан мэргэшүүлсэн талаар, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, урамшууллын бодлого, мөн ажиллах орчныг сайжруулах зорилгоор улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажил, техник, тоног төхөөрөмжийн хангалтын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудыг танилцуулж, цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарыг хөгжүүлэхэд төрийн албан хаагчид нэгдсэн ойлголттой байх шаардлагатайг онцолсон байна.   


Аймгийн хэмжээнд төрийн албанд нийт 4916 ажилтан ажиллаж байгаагаас 4069 нь төрийн үйлчилгээний албанд харьяалагдаж байна. Албан тушаалын төрлөөр нь авч үзвэл, нийт албан хаагчийн 81.6 хувь нь гүйцэтгэх, 11.2 хувь нь туслах, 7.1 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байна. Хүйсийн харьцааны хувьд нийт төрийн албан хаагчийн 69.7 хувь нь эмэгтэй, 30.3 хувь нь эрэгтэй байна.


Холбоотой мэдээ