БАЯНХОНГОР: Эрчим хүчний нээлттэй сонсгол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний төлөвлөлтийн нээлттэй сонсгол болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, шинэ шийдэл, инновацыг танилцуулах үйл ажиллагааг Баянхонгор суманд зохион байгуулна.
Үйл ажиллагааг Баянхонгор аймгийн ЗДТГ болон “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК хамтран зохион байгуулах бөгөөд сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн чиг хандлага, нар, салхи, усны эрчим хүчний шийдлүүд, мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, түншлэл, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулна. Мөн дотоод, гадаадын байгууллагуудын үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөжээ.
Баянхонгор аймгийн эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол тавдугаар сарын 1-нд Тэмүжин театрт болох бол үзэсгэлэн яармагийг 2, 3-ны өдөр Баганат талбайд зохион байгуулна.
Энэхүү сонсгол нь нийтийн ашиг сонирхолд хамаарах эрчим хүчний төлөвлөлтийн асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын танилцуулга, мөн иргэд, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, шинжээчид болон бусад оролцогч талуудын санал, тайлбар, нэмэлт мэдээллийг сонсох зорилготой. Ингэснээр асуудлын нөхцөл байдлыг бодитой үнэлж, олон талын оролцоог хангахын зэрэгцээ цаашдын бодлого, шийдвэрийг боловсронгуй болгох боломж бүрдэх юм.
Сонсголд 250 иргэн оролцох бөгөөд 10 ажиглагч, хоёр шинжээч ажиллана. Оролцогчоор бүртгүүлэхдээ бичгээр, утсаар эсвэл зохион байгуулагч байгууллагын цахим шууданд захидал илгээх боломжтой. Бүртгэл энэ сарын 20-27-ны хооронд үргэлжилнэ.