МЭӨ 3000 оны үеийн хотыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:39:42

АФИН. /Sputnik/. Манай эриний өмнөх 3000 онд хамаарах усанд автсан эртний хотыг олон улсын археологичдын баг Грекээс олжээ.

Женевийн их сургуулийн археологичдын баг 2014 онд Арголикийн булангийн Киладха тохойд шумбах сургуулилт хийж байх үеэрээ тус хотыг илрүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг хот аль үед оршин байсныг тодорхойлоогүй байжээ гэж Францын “Le Parisien” сонинд мэдээлсэн байна.

2015 онд Швейцар болон Грекийн бүлэг судлаачид тус хотын өөр өөр хэлбэр дүрс бүхий чулуун барилгын үлдэгдэл, хатуу хучилттай гадаргуу болон хамгаалалтын хана зэргийг судлахаар Киладха тохойг зорьжээ.

Судалгааны үр дүнд судлаачид уг хотын барилгын загвар, бүтэц Грекийн хүрэл зэвсгийн үеийн барилгын загвар, бүтэцтэй төстэй байгааг тогтоосон гэж Швейцарын археологич, судалгааны багийн удирдагч Жюльен Бек мэдэгдсэн байна.

Эрдэмтэд одоогийн байдлаар 6000 орчим олдворыг уснаас гаргаж, Арголикийн булангийн хүрэл зэвсгийн үеийн хот суурингийн олдвортой нэгтгэжээ. Тухайн үеийн өдөр тутмын амьдрал, тээвэр, худалдааны талаар илүү ихийг олж мэдэхэд энэ ололт, амжилт ихээхэн тус болно гэдэгт эрдэмтэд найдаж байгаагаа мөн дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд