Япон улс руу төмс экспортлоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Төв аймаг /МОНЦАМЭ/.Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төв аймгийн Жаргалант сум дахь "Эх баян булаг" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани энэ онд 3000 га талбайд улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан жилд 1500-9000 тонн ургац авдаг бөгөөд одоогоор тариалалтын явц 93 хувьтай байна хэмээн тус компанийн Захирал Ж.Ариунболд танилцуулав.
Тэрбээр, "Тариаланчдад тулгамдаж буй гол асуудлын нэг бол эрсдлийн даатгал. Газар тариалан байгалийн хүчнээс хамааралтай тул хэт эрсдэлтэй. Даатгалын компаниуд тариаланчдыг даатгах дургүй байдаг. Энэ асуудлыг зохицуулсан тусгай хууль хэрэгтэй байна" гэлээ.
Түүнчлэн төмсний борлуулалтыг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг тариаланчид хэлж байв. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд болон импортын төмсний үнэ хямд байгаа нь жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад сөргөөр нөлөөлдгийг учирлав.
Ерөнхий сайдын зүгээс тариаланчдын борлуулалтыг дэмжихэд Засгийн газар анхааран ажиллаж буйг онцлов. Тухайлбал энэ намар Япон улс руу төмс экспортлохоор тохирсон байна. Одоогоор хоёр удаа дээж явуулаад байгаа бөгөөд Японы шаардлагад тэнцсэн гэлээ.
Төв аймгийн хэмжээнд хаврын тариалалт энэ сарын 5-нд эхэлжээ. Тус аймаг энэ онд 93 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 6500 га-д төмс, 922 га-д хүнсний ногоо, 7000 га талбайд тэжээлийн ургамал тарих аж. Одоогоор тариалалт 50 хувьтай байна. Тариалалт энэ хэвээр үргэлжилбэл тавдугаар сарын 27 гэхэд дуусах боломжтой гэдгийг Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэллээ.
Төв аймаг. Жаргалант сум Ч.Ариунболд