Этиопын төлөөлөгчид манай бичил уул уурхайтай танилцаж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:38:14

Этиоп  улсын Уул уурхайн сайд ноён Теводрос Гибрингзябер тэргүүтэй албаны хүмүүс манай улсын бичил уул уурхайтай танилцаж байна. Тэднийг өнөөдөр  Уул уурхайн яаманд  хүлээн авч уул уурхайн салбар болон  бичил уурхайн өнөөгийн байдал, эрхзүйн орчин, ололт амжилтаас танилцууллаа.

Этиопын Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 9-нийг хүртэл ажиллах бөгөөд уул уурхайн төрийн болон ТББ-ынхантай уулзаж бичил уурхайг хуульчлах, албажуулах, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бичил уурхайгаар олборлосон алтны худалдаа, сорьц тогтоох, хүдэр боловсруулах, мөнгөн усгүй технологи, бичил уурхайчдын нөхцөл байдал, нөхөн сэргээлтийн талаар туршлага судлах юм. Мөн монголын бичил уурхайчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын  үйлчилгээг хэрхэн хүргэж байгааг судлахаар ажиллаж байна. Дээрх улсын төлөөлөгчид  Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь бичил уурхайчидтай уулзахаас гадна Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй Монполимет компанийн алтны уурхайн нөхөн сэргээлттэй танилцах аж.  Мөн айлчлалын баг Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхайн төслийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд