“Инвест Монголиа-2015”-аар шинэ санхүүжилт татах боломжийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 14:17:38

Олон улсын “Фронтиер Конференс” байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа-2015” чуулга уулзалт Шангри-Ла Зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Ес дэх  удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. “Инвест Монголиа-2015” чуулга уулзалтад Засгийн газар, УИХ-ын гишүүд, гадаад, дотоодын эдийн засагч, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. Чуулганаар Монгол Улсын эдийн засгийн одоогийн хууль эрх зүйн орчин, төсөв санхүүгийн, бодлого зохицуулалтын өөрчлөлтөөс эхлэн “Оюу Толгой”, “Таван Толгой”-н төслүүд, Монгол Улс дахь дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Өнөөдрийн хуралдаанд “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вудлей “Дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг бий болгох нь” сэдвээр танилцуулга хийх юм.

БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт, Грекийн хямрал зэрэг нь хөгжиж буй орнуудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг өөрчилж буй ч бодлого тодорхойлогчид, гадаадын хөрөнгө оруулагчид, зах зээлийн гол тоглогчидтой эдийн засгийн бодит байдлыг нүүр тулан ярилцах боломж гэдгийг  зохион байгуулагчдын  зүгээс онцолж байна. Тус чуулганаар  санхүүжилтийн эх үүсвэр тааруу байгаа энэ үед  бондын зах зээл, шинэ санхүүжилт татах боломжийн талаар төлөөлөгчид санал бодлоо хуваалцах юм.

  Гадны төлөөлөгчдийн хувьд Монгол Улс зөвхөн уул уурхай гэлгүй эдийн засгаа төрөлжүүлж бусад салбараа жигд авч явах ёстой. Эдийн засгийнхаа бүтцийг өргөжүүлж байж улс орон хөгжинө гэдгийг хэлж байна. Харин манай  эдийн засагчид  өнгөрсөндөө дүгнэлт хийж, гадны алдааг давтахгүй байх, эдийн засгийг авч явахын тулд хууль эрхзүйн орчноо илүү тогтвортой байлгах, олсон орлогоо хуримтлуулдаг сантай болох ёстой хэмээн онцоллоо. Хуралдаан үргэлжилж байна. “Invest Mongolia 2015” чуулган маргааш өндөрлөнө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд