Курдын босогчдыг бүрэн устгахаа Турк амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-08 14:45:02

АНКАРА. /ВВС/. Туркийн армид халдаж, хэдэн арван цэргийн амийг хөнөөсөн Курдын хөдөлмөрийн намын босогчдыг "устгах"-аа Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу амлажээ.

Энэ улсын уулс, тал нутаг, өндөрлөг газар, хотод нэг ч террорист үлдээхгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Ням гарагт Хаккари мужид цэргүүд рүү босогчид халдсаны улмаас наад зах нь 16 цэрэг амиа алдлаа гэж Туркийн арми мэдэгдсэн. Үүний хариуд Турк өчигдөр Курдын хөдөлмөрийн намын босогчдын байрлалд агаараас цохилт өгсөн байна.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ахмет Давутоглу, “терроризмтой тэмцэх дайнд юу ч саад болж чадахгүй. Тэдгээр уулан дахь бүх террористыг устгах болно” гэж мэдэгджээ.

Үүний өмнөхөн тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган халдлагад их сэтгэл гонсойж байгаагаа мэдэгдээд, “шийдвэртэй” хариу барихаа амласан байна.

Тэрбээр, салан тусгаарлах үзэлт террорист байгууллагын халдлагад амиа алдсан Туркийн аюулаас хамгаалах хүчинд учирсан хохирол бидний зүрхийг шимшрүүллээ гэж мэдэгджээ.

Туркийн арми болон Курдын хөдөлмөрийн намын босогчид хоорондын гал зогсоох гэрээ долдугаар сард цуцлагдсанаас хойш хоёр талын мөргөлдөөн эрчимжиж эхэлсэн билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд