БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уулзав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-22 13:14:05
 Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Си Жиньпин  энэ сарын 19-20-нд Бээжин хотод хоёр өдрийн айлчлал хийхээр ирсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-тай уулзалт хийлээ. 
Уулзалтаар тэд хоёр орны харилцаа болон Солонгосын хойгийн асуудлаар гүн гүнзгий санал солилцсон байна. Талууд хоёр орны харилцааг тогтвортой байдлаар хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудалд гараад буй эерэг үр дүнг дэмжих, бүс нутгийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил цэцэглэлтийг дэмжих зэрэг үйлсэд бодит хувь нэмрээ оруулах талаар санал нэгджээ.
Си Жиньпин хэлэхдээ “Бид таныг АНУ-ын Ерөнхийлөгчтэй чухал уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, энх тайван, аюулгүйгээр зэрэгцэн оршиход чиглэсэн үр дүнтэй уулзалтыг өндрөөр үнэлж байна. Бид ойрын 3 сарын дотор 3 дахин уулзаж байгаа нь манай хоёр нам болон манай хоёр улсын дотно харилцааг харуулж, хөгжлийн шинэ хуудсыг нээж байна. Хятадын Комунист нам болон Хятад улс БНАСАУ-тай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Олон улсын нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарч байсан Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй. Бид БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийг дэмжинэ” гэв.
Ким Жон Ун хэлэхдээ “Хятад улсын найрсаг дэмжлэгт үргэлж талархаж байдгаа илэрхийлье. АНУ-тай хийсэн уулзалт бол талуудын болон дэлхий нийтийн хүлээж байсан томоохон үр дүн. Хэрвээ хоёр улс алхам алхмаар төрийн тэргүүнүүдийн тохиролцоонд хүрсэн нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлж чадвал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл хэрэгт шинэ хуудсыг нээнэ. Солонгосын хойгийн энх тайвны төлөө Хятадын талын гаргаж буй хүчин чармайлтад бид талархаж байна” гэв.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ