Сургуулийн хүүхдүүд хэрэг зөрчилд холбогдох нь багасахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-27 15:01:16

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сургуулийн сурагчид байгаа аж.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт хэргийн талаарх тоон судалгааг 5 жилийн байдлаар гаргажээ.

2012 онд 40 гэмт хэрэгт 60 хүүхэд, 2013 онд 27 гэмт хэрэгт 28 хүүхэд, 2014 онд 28 гэмт хэрэгт 29 хүүхэд, 2015 онд 48 гэмт хэрэгт 58 хүүхэд, 2016 оны 7 сарын байдлаар 15 гэмт хэрэгт 15 хүүхэд сэжигтнээр холбогдон шалгагдсан байна.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас иргэд, олон нийтийн хандлагыг өөрчлөх ажлыг тасралтгүй хийж байгаа гэнэ. Энд сургалт, сурталчилгаа явуулах, яриа таниулга хийх, гарын авлага тараах зэрэг олон хэлбэрээр хүүхдийн зан үйлд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулжээ. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Хүүхдийн хууль зүйн хороо, аймгийн Цагдаагийн газартай хамтран шинэлэг олон ажлуудыг хийснээс “Хэрхэн сайн эцэг эх байх вэ”, “Гэмт хэрэг ба гэм хор”, “Амьдрах ухаан гэж юу вэ”, “Амьдрах ухааны аргууд” зэрэг сургалтуудыг дурдаж болох юм. Мөн “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт санамж, сэрэмжлүүлгийн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион явуулсан байна. Түүнчлэн “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэтгэл зүйчийн яриа, зөвлөгөө, “Нэг л алдвал”, “Миний найз” зэрэг баримтат болон уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ явуулжээ.

Уг үйл ажиллагаанд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын 626 төлөөлөл, 2243 сурагчид хамрагдсан байна.

 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news