Хятадад хоносон нүүрс тээврийн жолоочийг тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-09 11:24:04
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг энэ сарын 15-наас сэргээж онцгой нөхцөлд үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллалаа.


Энэ үеэр Гашуунсухайт боомтод нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг боомтын удирдлагууд мэдээлсэн байна. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105,3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг УУХҮ-ийн сайдаас хүсжээ. Эхний ээлжинд тээвэрлэлтийн орох гарах чиглэлд тус бүр хоёр зам нээх юм байна.


Хилийн ойролцоо 50 хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгээд байгаа бөгөөд Хятадын нутагт хоносон жолоочийг тусгаарлах аж.  


УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар: “Гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлээ Монгол Улсын нутагт орж ирэнгүүт устган, машинаа бүрэн ариутгах зэргээр аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөх хэрэгтэй. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 30-наас хойш гарч байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж хилээс гадна хонох шаардлага гарвал тэр үед нь зохицуулалт хийнэ” гэв.


“Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал Н. Адьяацэрэн: “Цагаан хад орчмыг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл, байдал намжтал онцгой бүс болгохыг хүсэж байна. Тодорхой тооны хүмүүс нэвтрүүлдэг, дурын хүмүүс сэлгүүцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн жолооч нарыг нэвтрүүлбэл 10-20 мянгаараа хүн цуглахгүй гэж бодож байна” гэжээ.


МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан: “Журмын дагуу компани бүр өөрсдийнхөө харьяаллын жолооч нарыг хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол, бие засах газар гэх зэргээр кэмп зохион байгуулах бүрэн эрхийг жолооч нарыг харьяалж буй компанид нь олгосон байгаа” гэв.


Тавантолгойн уурхай, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг сайд Д.Сумьяабазар онцгойлон анхааруулжээ.



Холбоотой мэдээ