ГАЗРЫН ТОСНЫ ӨЛГИЙ-КУВЕЙТ

Монголын мэдээ | Тойм
sarantsetseg@montsame.mn
2020-03-11 17:35:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж иржээ. Энэ хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын шугамаар 2020 оны хоёрдугаар сарын 16-23-ны хооронд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийн баг Кувейт улсад айлчлав. 


Анх 1975 оны 6 дугаар сарын 17-нд Монгол Улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс ЭСЯ-аа 2009 онд Эль-Кувейт хотноо, Кувейт Улс ЭСЯ-аа 2010 онд Улаанбаатар хотноо нээсэн байна.

 


Монголын талаас Элчин сайд К.Сайраан 1998-2001 онд, Элчин сайд Ч.Болд 2003-2006 онд, Элчин сайд Д.Баярхүү 2009-2010 онд Каираас хавсран суух Элчин сайдаар ажилласан. Элчин сайд К.Сайраан 2010 онд, Элчин сайд С.Энхбат 2013 онд, Элчин сайд З.Чинтүшиг 2017 онд тус тус ИЖБ-ээ барьсан.

Кувейтийн талаас Элчин сайд Мубарак Аль-Сехайжан 2010 онд, Элчин сайд Халед Аль-Фадли 2013 онд, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри 2018 оны 11 дүгээр сарын 1-нд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан байна. Монгол Улсын ГХЯ, Кувейт Улсын ГХЯ хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг 2007 онд байгуулжээ.                      


Аль ч улсын соёл, зан заншил, уламжлал, шашны онцлог, амьдралын хэв маяг үргэлж сонирхол татдаг. Биднийг ирсэн өдөр ням гараг байсан ч энд ажлын өдөр байлаа. Хоёр улсын хооронд 5 цагийн зөрүүтэй. Онгоцноос буухад манай яг намар шиг сэвэлзсэн салхитай, өвс ногоо гандуу, шарласан харагдана. Энд өвөл, зун гэсэн хоёр улиралтай. Одоо Кувейтэд өвлийн улирал нь. Биднийг очиход +20 хэм байлаа. 

  


Бидний зочилсон анхны газар нь тус улсын Мэдээллийн яам болон ТВ-ийн шууд эфир, студи байлаа. Кувейтийн хэвлэл мэдээлийн салбар их онцлог санагдсан. Мэдээллийн салбараа гадаад бодлоготойгоо уялдуулах, аялал жуулчлалаа нэмэгдүүлэхэд хамгийн чухал гарц хэмээн үзэж тусдаа Мэдээллийн яам байгуулжээ. Тус яам маш өргөн цар хүрээгээр ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвлэл мэдээлэл бүгд харьяалагддаг, олон салбар хэлтсүүдтэй. Тэдний гол зорилго чиглэл нь мэдээллийг эх сурвалжаас нь үнэн бодитоор авах, бас өөрийн улсын тухай мэдээ мэдээллийг дэлхийд таниулах юм. 24 цагаар эфир хүргэдэг бөгөөд араб, англи хэлээр мэдээллээ дамжуулж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг ажээ. Олон нийтэд хүрч байгаа бүх мэдээллийг төрийн хяналт дор дамжуулдаг юм байна. Төрийн 9 ТВ-ийн суваг, арилжааны гээд нийт 28 ТВ сувагтай, 7 сонин үйл ажиллагаа явуулж байна.

 

Нэг танхимтай Үндэсний Ассамблей буюу Мажилис Аль-Умма 



Бид Кувейтийн Үндэсний ассамблейн танхимд орж хурал нь хэрхэн өрнөдгийг сонирхсон юм. Даанч дотор ямар ч бичлэг, зураг авах боломжгүй байлаа.

Үндэсний ассамблей 65 суудалтай. Үүнээс 50 гишүүн нь олон суудалтай тойргоос олонхийн саналаар шууд сонгогддог. Үлдсэн 15 гишүүд нь Засгийн газрын гишүүд байдаг.

Үндэсний Ассамблейн гишүүд 4 жилийн хугацаагаар сонгогддог гэнэ. Энэ удаагийн парламентад нь 50 гишүүний 20 нь өмнөх парламентад сонгогдож байсан бол 30 нь шинээр сонгогдсон гишүүд байгаа юм байна.

Мөн 13 эмэгтэй нэр дэвшигчээс нэг л эмэгтэй /Сафа Аль-Хашим/ гишүүнээр сонгогдсон. Үндэсний Ассамблейн даргаар Марзуук Аль-Ганим 2013 оноос ажиллаж байгаа. Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах Ерөнхий сайдаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр томилогдсон.

Эмир Ерөнхий сайдыг томилох, огцруулах эрхтэй. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор Эмир нь томилдог. Үндсэн хуульт хаант засаглалтай. Улс төрийн нам байхгүй, фракц байдаг аж. Манайх шиг намрын чуулган, хаврын чуулган гэж хийдэг. 4 жил тутамд сонгууль болдог юм байна.

 

Хамгийн үнэтэй бензин литр нь 800 төгрөг



1934 онд “Кувейт ойл“ нэртэй Англи, Америкийн хамтарсан үйлдвэр байгуулан газрын тосны хайгуул хийж эхэлсэн бөгөөд 1938 онд асар их хэмжээний газрын тосны нөөцтэй болох нь тогтоогдсон хэдий ч дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн учир 1946 он хүртэл ашиглаж чадаагүй гэнэ.

Дайны дараа Кувейт улс 1950-иад оноос газрын тосыг эрчимтэй ашиглаж эхэлсэн. Шейх Абдулла Аль-Салем Аль-Сабах 1950-1965 онд тус улсыг удирдаж байсан ба түүнийг "Газрын тосны Шейх" гэж өргөмжилдөг юм байна. 1961 оны 2 дугаар сарын 25-нд түүнд Эмир хэмээх хэргэм олгосон. Энэ өдөр нь тус улсын Үндэсний баяр юм.

Хамгийн гайхалтай нь 1 секунд тутам 6000 литр газрын тос олборлож байна. Ийм болоод ч "Арабын буланд хүмүүс ажиллах гэж биш амьдрах гэж л төрсөн" гэсэн хэлц үг гарсан бололтой. Хамгийн үнэтэй бензин литр нь 800 төгрөг.

Тус орны эдийн засгийн гол үндэс суурь нь газрын тосны салбар бөгөөд ДНБ-ий талаас илүү хувь, экспортын орлогын 94, төсвийн орлогын 90 хувийг газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг ажээ.

Байгалийн баялаг нь газрын тос, байгалийн хий юм байна. Түүхий газрын тосны нотлогдсон нөөц 102 тэрбум баррель бөгөөд энэ нь дэлхийн газрын тосны нөөцийн 8.5 хувийг эзэлдэг аж.

Аж үйлдвэрийн салбаруудаас газрын тос-химийн аж үйлдвэр хөгжсөн. Мөн хөлөг онгоц барих, засвар хийх, усыг цэвэршүүлэх, хүнс, барилгын материал, цаас боловсруулах, цемент, эмийн үйлдвэртэй.

Газрын тосны нөөцөөс олж буй ашгаасаа 10 хувийг төвлөрүүлж сан байгуулж ирээдүй хойч үеийнхээ амьдрах баталгаа болгодог гэнэ. Мөн Кувейтийн хөрөнгө оруулалтын сан гэж бий. Тус сан нь олсон орлогоо төсөвт хуваарилаад үлдсэн орлогоороо хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй зээл тусламж олгох, дэлхийн том компанийн хувьцааг худалдаж авах замаар ногдол ашиг хүртдэг гэнэ.

Кувейт Улс олон улсын томоохон хөрөнгө оруулагч төдийгүй мөн томоохон зээл олгогч орон юм. Өнөөдрийн байдлаар Кувейт Улс Монгол Улсад нийт 78.04 сая ам. долларын зээл олгож, 17.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

1996-2010 онд Дархан-Эрдэнэтийн хооронд 181 км, Эрдэнэт-Булган-Уньтын хооронд 146 км, Уньт-Тариалангийн хооронд 88 км, нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар, Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгожээ.

Мөн Кувейтийн сангаас 2017 онд Түлэнхийн төвийн барилгын төсөлд зориулан 8 сая ам.доллар, 2018 онд Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.доллар, 1999-2000 оны зудын гамшгийн үеэр 500 мянган ам.доллар, 2017 онд Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж 35 айлын орон сууцны хотхон барихад 274,835 ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

2011 оноос хойш Кувейт Улс манай улсад нийт 490 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

                                                                          Мянган ам.доллар

Худалдааны эргэлт

2013

2014

2015

2016

 2017

2018

2019

Экспорт

-

69.2

102.7

138.1

104.5

37.9

34.6

Импорт

-

4.8

-

-

-

8.5

-

Нийт

0

74

102.7

138.1

104.5

46.4

34.6

Кувейтээс манай улс руу импортолдог бүтээгдэхүүнд цөөн тооны гэр ахуйн зориулалттай хуванцар эдлэл, майхан, аяны хэрэглэл, гудас, аяны хөнжил болон мебель тавилга зэрэг багтаж байна. Харин манай улсаас Кувейт улс руу нэг төрлийн бараа бүтээгдэхүүн буюу хивс болон нэхмэл дэвсгэрэн зүйлс экспортолдог ажээ.


 Соронзон мэт татах "Grand Mosque"



Арабын хойг бол шашин, соёл нь хоорондоо нягт холбогдсон хэн бүхний сонирхлыг соронзон мэт татсан нууцлаг газар юм. Яг үүнийг мэдрүүлдэг хотын төв хэсэгт байрлах "Grand Mosque"-ийг үзлээ. Кувейтийн албан ёсны шашны сүм бөгөөд "Рамадан сар" буюу шашны баяр зөвхөн энд болдог аж. 

Нийт 46,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Их сүм нь Исламын архитектороороо олон улсад нэр хүндтэй бөгөөд Кувейтийн хамгийн үнэт дурсгалт газруудын нэг болжээ. 1979 оноос хойш барилгыг эхлүүлж, 7 жилийн дараа 1986 онд 14 сая орчим кД-ийн өртөгтэйгээр энэ сүмийг бүтээж дуусчээ. Нийт 144 цонхоор танхимыг бүхэлд нь байгалийн гэрлээр гэрэлтүүлдэг гэнэ.

"Grand Mosque"-д Рамаданы үеэр эргэн тойрон дахь цэцэрлэгт хүрээлэн, машины зогсоол, тэр байтугай ойролцоох гудамжууд хэдэн зуун мянган хүнийг ​​хүлээн авах тохиромжтой мөргөлийн орон зай болж хувирдаг. Энэ сүм рүү орохдоо заавал үндэсний хувцсыг нь өмсөж орох ёстой юм байна.

Үндэсний хувцас нь араб хүмүүсийн хувьд бахархлын бэлгэ тэмдэг бөгөөд мөн тав тухыг хангах болон шашин шүтлэгийн зориулалтай гэсэн 2 давхар агуулгаар хийдэг байна. Эрэгтэйчүүд шагай хүртэл хөвөн даавуугаар хийсэн сул хувцсыг өмсдөг ба Kandora эсвэл Dishdasha гэж нэрлэдэг.

Харин эмэгтэйчүүд урт хар хөнгөн нөмрөгийг хувцасны гадуур нөмрөн өмсдөг бөгөөд Abaya, толгой дээгүүрээ хар алчуур зүүдэг ба shayla гэж нэрлэдэг. Зарим эмэгтэйчүүд зөвхөн нүдээ ил гаргаж “никаб” буюу хамар амыг халхалсан халхавч зүүдэг бол толгойн алчуураар толгой, ам хамраа бүхэлд нь ороож болдог.

Яагаад эрэгтэй нь цагаан өнгийн хувцас өмсдөг вэ гэвэл :
-цагаан өнгө нь ариун шударга, эрхэм хүнийг бэлгэддэг
-халуун цаг агаарт нь зохицсон болохоор өмсдөг.
Тэд өдөрт 3-4 удаа цагаан хувцсаа сольдог болохоор гудамжинд бохир хувцастай хүн таарахгүй.

Харин эмэгтэй нь яагаад хар нөмрөг өмсдөг талаар янз бүрийн домог байдгаас
- хар өнгө эмэгтэйн биеийг маш сайн далдалдаг.
- хар өнгө баярын өнгө гэж тооцогддог. Эмэгтэй хүн ажил хийдэггүй тул байнга баяр тэмдэглэн хар өнгө өмсдөг.
- хар нүд, хар зүрхтэй эмэгтэй хүн дурласан эмэгтэйг илэрхийлж байгаа гэнэ.
Харин араб эмэгтэй гашуудлын үед цэнхэр хувцас өмсдөг.

 

Кувейтийн бэлгэ тэмдэг болсон нэгэн барилга, байгууламж бол Кувейт цамхаг юм. 1979 онд албан ёсоор нээсэн бөгөөд орчин үеийн Кувейтийн аялал жуулчлалын дурсгалт, үзэсгэлэнт барилга гэж үнэлэгддэг. Гол цамхаг нь ресторан болон усан цамхаг бүхий 187 метр өндөр бөгөөд түүний 123 метрийн өндөрт хотыг бүхэлд нь харах бөмбөрцөг байна. Энэхүү бөмбөрцөг нь хагас цаг тутамд бүтэн эргэлддэг, энэ үеэр Эль-Кувейт хотыг толидон харах боломжтой юм. Харин хоёр дахь цамхаг нь 145,8 метр өндөр усан цамхаг бол гурав дахь нь цахилгааны урсгалыг зохицуулж, бусад хоёр цамхагаа гэрэлтүүлэх үүрэгтэй ажээ. Цамхагийн доод хэсэгтээ цэвэр усаа нөөцөлж хадгалдаг байна.




Кувейт улс 4,4 сая гаруй хүн амтай. Тус улсын хүн амын 31 хувь нь кувейтчууд, үлдэх хувь нь араб, ази, африк бусад үндэстнүүд эзэлдэг. Исламын шашинтан 70 гаруй хувь, христ 17 хувь, бусад шашинтныг үлдэх хувь эзэлж байна.

Кувейтчүүд ямар нэгэн байдлаар шинэ газар суурьшихдаа юун түрүүнд мөргөлийн сүмээ, харин дараагаар нь өөрсдийн орон сууцаа барьдаг.
Гадаадын иргэнд газар олгодоггүй, орон сууц худалдаалахгүй. Гадаадын эрэгтэй хүнийг өөрийн улсын иргэн болгодоггүй бөгөөд гадаад нөхөртэй кувейт эхнэрээс төрсөн хүүхдийг ч иргэнээ болгодоггүй байна. Харин кувейт залуу өөр улсын эмэгтэйтэй гэр бүл болбол түүнийг нь Кувейтийн иргэн болгох ба хүүхдийг нь ч мөн Кувейтийн иргэн болгодог байна.
Кувейтчүүд иргэдийнхээ боловсролд онцгой их анхаардаг. Хүүхдүүдээ гол төлөв өндөр хөгжилтэй гадаадын орны их, дээд сургуульд мэргэжил эзэмшүүлдэг. Эх орондоо бол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй.

Залуучуудын яамтай. 73 хувь нь хөдөлмөрийн чадвартай насныхан, 14 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 25 гаруй хувийг эзэлдэг бол 65-аас дээш насныхан 3 хувийг эзэлдэг байна. Дундаж наслалт 77, хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсэгт тайлагджээ.

Хэрэглээний цахилгаан, ус нь иргэддээ үнэ төлбөргүй, НӨАТ-гүй.
Үйлчилгээний ажил хийдэг гадаад ажилчид 500 ам.долларын цалин авдаг.
Кувейт хүн ажил хийвэл хамгийн багадаа 4500 ам.доллар авдаг гэнэ.

Кувейт айл бүхэн гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчтай.

Шинээр гэр бүл болох, шинэ байр сууц барихад нь улсаас мөнгөн тэтгэлэг олгодог байна.

Ажлын цагийн тухайд төрийн байгууллагууд нь өглөө 8.00 цагаас өдрийн 14.00 цаг, зарим олон улсын байгууллага 7.30-15.30 цаг хүртэл ажилладаг юм байна. Пүрэв гараг хүртэл ажиллаад баасан гарагт бүх нийтийн мөргөлтэй байдаг. Баасан, бямба гарагт амардаг. 14.00 цагаас хойш ямар ч уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Гол удирдах албан тушаалд өөрсдөө ажилладаг, үйлчилгээ, дэд бүтцийн салбарт өөр улсын иргэд ажилладаг. Нарийн мэргэжил шаардсан ажилтныг барууны орнуудаас урьж ажиллуулдаг юм байна.

Гадаад улсын иргэдэд иргэншил олгох тал дээр маш хатуу бодлого барьдаг бөгөөд энгийн иргэдэд виз олгоход өндөр шаардлага тавьдаг. Манай улсын тухайд дипломат болон албан паспорт эзэмшигчид визгүй, харин энгийн паспорттой иргэд визтэй зорчдог. Кувейт улсад Монгол Улсын 16 иргэн байнга оршин суугаа бол хоёр оюутан суралцаж байна. 

Кувейт улсын Их сургуулийн араб хэлний төв, мөн Хэрэглээний ерөнхий газарт таван оюутан гэрээгээр тэтгэлэгтэй суралцах эрхтэй аж.

 

Кувейт динар дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгжид орно

Мөнгөн тэмдэгт нь дэлхийд хамгийн үнэтэй динар бөгөөд kД гэж тэмдэглэнэ. 1 кД манайхаар 9050 төгрөгтэй тэнцэнэ.

Бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс хамгийн багадаа монгол мөнгөөр 450-500 мянган төгрөг гардаг, дээшээ бол хязгааргүй.

Та доллартай байсан ч заавал үндэсний мөнгөн тэмдэгт рүү нь хөрвүүлж хэрэглэх ёстой. 100 доллар хөрвүүлэхэд 30-хан динар л болж байна.



Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад 4 дүгээр сараас Рамадан сар нь эхэлдэг, ялангуяа 6-8 дугаар сард маш их халдаг /+53 хэм/. Энэ үед кувейтчүүдийн бараг 60 гаруй хувь нь уур амьсгал сэрүүн гадаад орон руу жуулчилж аялдаг байна. Хамгийн сүүлийн мэдээгээр кувейт иргэд  жилдээ 1,5 тэрбум долларыг  гадаад жуулчлалдаа зарцуулдаг гэсэн тооцоо гаржээ.

Архи болон түүний төрлийн согтууруулах ундааг огт хэрэглэхгүй бөгөөд эх орондоо үйлдвэрлэх нь байтугай хилээр ч оруулдаггүй. Тас хориотой эдийн нэг бол энэ. 

Мөн тэндхийн бас нэг гайхалтай зүйл нь хулгай огт гардаггүй ажээ. Хулгайн хэрэг, хулгайч гэдэг үг тэдний үгийн санд бараг байдаггүй гэхэд болно.

Энэ орон өөрийн иргэд, ирж очсон зочид, жуулчид, тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, өөрсдөд нь үйлчлэх зарц, үйлчлэгчийнхээ бүхий л асуудлыг дээд зэргээр хангаж чаддаг байна. Их л найрсаг зочломтгой, тайван аядуу хүмүүс юм.





Холбоотой мэдээ