Нийт нутгаар цас их орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-24 16:33:32

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө Увс аймгийн нийт нутгаар цас их орлоо. Өмнө нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд дээр нь 1-23 см зузаан цас нэмж, өнөө өглөөний 8 цагийн байдлаар нийт нутгаар 1-46 см зузаан цасан бүрхүүлтэй болоод байна. Хамгийн их цастай нь Хяргас 46 см, Малчин 42 см цастай, бусад сум 8-28 см зузаан цастай байна. Цас ороогүй сум байхгүй аж.

Салхины хурд 8-10 м/с хүрч, Наранбулаг, Өндөрхангай, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Өлгий, Хяргас сумаар 12-23 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурчээ. Цасгүй байсан газраа шороон шуурга, цастай газраараа цасан шуурга шуурч, салхины хурд 23 м/с хүрч ширүүссэн байна.

“Энэ сарын 28-29-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орох төлөвтэй байгаа. Аймгийн ихэнх нутгаар өнөө шөнөөс эхлээд өмнөх өдрүүдээс 10-15 хэмээр хүйтэрч, Увс нуур, Тэс голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн болно. Бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Цаашид цас ихээр хайлж, шар усны үер болж магадгүй байгаа тул ард иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер М.Отгонхүү хэллээ

Холбоотой мэдээ