Номын сангийн лавлагаа, мэдээллийн үйлчилгээг утас, цахимаар өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-09 16:37:52
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ нөхцөл байдалтай уялдуулан номын сангийн гэрээр ном олгох үйлчилгээ болон зөөврийн номын сангийн үйлчилгээг 03-р сарын 11-ний өдрөөс эхлэн түр зогсоосон. Өөрөөр хэлбэл, олон хүн нэг номыг дамжуулан уншдаг учраас халдвар тархаж болзошгүй гэж үзсэн байна.
Харин нэн чухал мэдээлэл шаардлагатай номын сангийн уншигчдад ном, сонин сэтгүүлийг гэрээр олгон үйлчилж, зөөврийн номын сангийн үйлчилгээ авдаг байгууллагуудтай утас, цахимаар холбогдон лавлагаа, мэдээлэл өгч байна.
Энэ оны эхний гурван сарын байдлаар нийтийн номын сан нь нийт 220 шинэ уншигч бүртгэж, 2000 хүнд 3800 ном, 150 гаруй тогтмол хэвлэлийг олгон үйлчилжээ.
Мөн 3-р сарын 11-ний өдрөөс 4-р сарын 30-ныг дуустал хугацаанд ажиллагсдын ажлын цагийг 7 цагаар батлан, номын сангийн фондын номыг электрон каталогид шивэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1445 нэрийн 3000 номыг цахим программд шивж, ном тус бүрийг бар коджуулан, 5000 номонд соронзон хальс нааж, номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим каталогийн ажлыг хийж байна. Үндсэн фондын 6370 ширхэг номыг нэг бүрчилсэн дансанд шинэчлэн хуулж, номын ангиллыг шинэчилжээ.
Цаашид “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, улс орны болон дэлхий нийтийн нөхцөл байдал, Засгийн газар, ЭМЯ, УОК-ын чиглэл, шийдвэртэй уялдуулан уншлага-үйлчилгээг зохион байгуулах ажлаа төлөвлөж байна. Үүнд: 2 метрийн зайтай уншлагын ширээнүүдэд 1 удаа 10 уншигч хүлээн авч үйлчлэх, цахим уншлагын хэлбэрүүдийг зохион байгуулах ажлыг судалж байна.
Холбоотой мэдээ