Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-29 09:26:36

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайваньд зэвсэгт нийлүүлэх АНУ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Мөн Тайваньтай цэргийн харилцаа холбоо тогтоох, зэвсэг нийлүүлэхээ нэн даруй зогсоохыг АНУ-д уриалжээ.


БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Рэнь Гуочян АНУ Тайваньд 2.37 тэрбум ам.долларын үнэ бүхий пуужингийн систем худалдаалах төлөвлөгөө баталсантай холбогдуулан ийнхүү мэдэгдсэн байна. 


“АНУ-ын Засгийн газар “Нэг Хятад” бодлого, Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчсөн Тайваньд зэвсэг нийлүүлэх шийдвэрийг дахин баталлаа. Энэ нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал бөгөөд манай улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг сулруулж, хоёр орон болон хоёр орны Зэвсэгт хүчний холбоонд сэв суулгаж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж Р.Гуочян хэлжээ.


Мөн Хятад, АНУ-ын хоорондын төр, цэргийн харилцаанд ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлэхийн тулд Тайваньтай холбоотой асуудлуудад хянамгай хандахыг АНУ-д уриалсан байна.


“Хятадын Ардын чөлөөлөх армид “Тайванийн тусгаар тогтнол”-ын төлөөх гадаадын хөндлөнгийн оролцоо, салан тусгаарлах оролдлогыг ялан дийлэх шийдэл, итгэл, чадвар бий. Хятадын Зэвсэгт хүчин улс орныхоо бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Холбоотой мэдээ