Харвардын оюутны зөвлөлийн даргаар анх удаа өнгөт арьст оюутан сонгогджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-25 10:44:08

НЬЮ-ЙОРК. /The Hill/. Харвардын их сургуулийн оюутны зөвлөлийн даргаар анх удаа Миссисипи муж улсаас ирсэн 20 настай, өнгөт арьст оюутан Ноа Харрис сонгогджээ.


Оюутнуудын дийлэнх олонхийн саналыг авч чадсан ирээдүйн хуульч Ноа Харрис хэлэхдээ, цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн өнгөт арьст иргэдийг дэмжсэн жагсаал цуглаан АНУ-д дэгдсэн нь оюутнуудад мөн хамааралтай гэдгийг намайг сонгосон явдал батлан харуулж байна гэжээ.


“Би үүнд нухацтай хандаж байгаа. Ийм түүхэн цаг үед Харвардын оюутны зөвлөл өнгөт арьст иргэдэд итгэдэг гэдгээ илэрхийлж буйгаа харууллаа” хэмээн тэрбээр ярьсан байна. 


Оюутны зөвлөлийн дарга байх хугацаандаа тэрбээр сургуулийнхаа бүх оюутныг нэгтгэхийг зорьж буйгаа илэрхийлжээ. Ноа Харрис өмгөөлөгч болох хүсэлтэй аж. “Хүмүүсийг хамгаалж, саналаа илэрхийлэх эрхийг тэдэнд олгох нь миний хувьд хамгийн сайхан мэргэжил” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Анх 1636 онд байгуулагдсан Харвардын их сургууль нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. 

Холбоотой мэдээ