М.Чинзориг: Өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа ААНБ, иргэнд хариуцлага тооцож эхэлсэн

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-18 11:52:08


Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын гүйцэтгэл, хэрэгжилт цаашлаад тулгарч буй саад бэрхшээлийн талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Чинзоригоос тодрууллаа.


-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд МХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олон ажлыг хийж байна. Үүнээс онцолбол?

-Шадар сайд болон аймгийн Засаг даргын албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд “Зай барь” арга хэмжээг найман заалттай төлөвлөгөө гарган, нийт зургаан ажлын баг ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний явц 100 хувийн биелэлттэй байна. Ер нь манай газраас ААНБ, иргэдэд зөвлөгөө зөвлөмж, албан шаардлагуудыг тогтмол өгч ажиллаж байна.  

-Хийж буй ажлын үр дүн гарч байна уу?

-Ажлын үр дүн мэдээж тодорхой хэмжээнд гаралгүй яахав. Урьдчилан сэргийлэх шалгалтын давтамж ойр, урьтаж мэдэгдэлгүй шууд очсоноор хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр илэрч байна. Энэ бүх зөрчлийг илрүүлж, хураан авснаар хүнснээс шалтгаалах хордлого болон бусад өвчин гарахаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг. Гэхдээ зарим ААНБ зөвлөмж албан шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй дутагдлууд гарч байгаа. Энэ хугацаанд хамгийн их ажиглагдаж буй зүйл бол манай иргэдийн ухамсар, хандлага маш муу байна.

-Таны хэлж байгаагаар мэргэжлийн байгууллагууд ажлаа хийж байна, гэтэл үр дүн гарахгүй байна гэж ойлголоо. Гол шалтгаан нь юунд байна вэ?

-Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн хэмжээнд хамтарч, ажиллаж байгаа. Гэтэл иргэд, ААНБ-ууд өөрсдийн үүрэг хариуцлагаа үнэхээр ухамсарлахгүй, төрийн байгууллагуудын хийж буй ажлыг өөрсдийнх нь төлөө гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. ААНБ-уудад дотоод хяналт гэж байх ёстой. Энэ журмандаа үйлчлүүлэгчийн бүртгэл, ариутгал халдваргүйтгэл, амны хаалт зүүж, зайгаа барих шаардлага тавих гэсэн арга хэмжээнүүдээ оруулаад өөрсдөө хяналтаа сайжруулах ёстой. Мэдээж бүгд муу биш л дээ, биднийг ойлгож ажлыг минь дэмжиж байгаа газрууд бий. Гэхдээ энэ нь тун ховор. Нөгөө талаар үйлчилгээний газрууд шаардлага тавилаа ч иргэд түүнийг хүлээж авахгүй байна. Уг нь энэ хүнд цаг үед иргэн хүн өөрийн ухамсраар шаардуулалгүйгээр энэ бүгдийг хийх ёстой.

-Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, хариуцлага тооцох шатанд шилжсэн гэж сонссон?

-Тийм ээ. Мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө зөвлөмжөө өгсөн, албан шаардлага ч хүргүүлсэн. Харамсалтай нь хэрэгжилт төлөвлөж байсан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс аймгийн Шуурхай штабын шийдвэрээр ААНБ-уудын хяналтын камерын бичлэгийг шүүж, хэрхэн ажиллаж байгааг нь дүгнэж байгаа. Ингээд илэрсэн зөрчилд хариуцлага тооцож эхэлсэн. Одоогоор аймгийн хэмжээнд гурван ААНБ, хоёр иргэнд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцоод байгаа.

-Хариуцлага тооцохыг хэрхэн хүлээн авч байна?

-ААНБ-ын хувьд буруугаа хүлээн зөвшөөрөөд ойлголцож байгаа юм. Харин хувь хүн, иргэн энэ асуудлыг шууд за гээд хүлээж авахгүй. Хуулийн байгууллагад хандана гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэхдээ бид ч хуулийн дагуу л ажиллаж байна. Хамгийн гол нь иргэн хүн эрхээ мэддэг шигээ үүргээ ухамсарлах хэрэгтэй. Цаашид ч бид яг ийм зарчмаар ажиллаж, зөрчилд гаргасан тохиолдолд шат шатных нь арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгаа.

-Торгох, хариуцлага тооцох гэдэг зүйлээс аль болох татгалзахыг Засгийн газраас сануулсан шүү дээ?

-Мэдээж ганц манай аймаг, манай улс биш дэлхий нийтээр хүнд цаг үе. Бид ч ийм цаг үед заавал хэн нэгнийг торгоод талхных нь мөнгөнөөс хороохыг хүсэхгүй. Гэхдээ манай аймгийн хэвьд үнэхээр арга алга. Яахав одоогоор манайд хараахан өвчин орж ирээгүй болохоор иргэд тайван, хэт задгай байгаа байх. Гэхдээ ийм байхад өвчлөл ороод ирвэл асар богино хугацаанд тархана. Бид энэ эрсдэлээс нь урьдчилан сэргийлээд байгаа юм.

-Хариуцлагыг зөвхөн танай газраас тооцож байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ авч хэрэгжүүлсэн хяналт шалгалтынхаа хүрээнд энэхүү ажлыг манай байцаагч нар гүйцэтгэж байгаа.

-Цаашид яг юун дээр анхаарах шаардлагатай гэж та харж байна?

-Хэлсэнчлэн иргэд ухамсраа дээшлүүлэх, тэдэнд нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй гэж бодож байна. Мөн ААНБ-ууд дотоод хяналтаа дахин сайжруулж, хаа хаанаа хяналтаа чангаруулах шаардлагатай. Дахин хэлэхэд хууль хяналт, мэргэжлийн байгууллагын ажилчид үүрэгт ажлаа хангалттай сайн хийж байгаа, гагцхүү түүнийг нь хэрэгжүүлэх дагаж мөрдөх нь хамгийн чухал гэдгийг л дахин хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ