Баянхонгорын бага насны хүүхдүүдийн 90 гаруй хувь цэцэрлэгт хамарна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-22 01:44:58

 Сонгуулийн өмнөхөн Баянхонгор аймгийн иргэдийн 1000 төгрөгийн хандиваар боссон Мазаалай цэцэрлэг, Баянхонгор сумын 13 дугаар цэцэрлэг нээлтээ хийсэн байна. 

490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай Мазаалай цэцэрлэгийн барилгыг Баянхонгор аймгийн 5 дугаар багт Гүнжит инженеринг компани барьж ашиглалтад оруулсан. Тус цэцэрлэгийг Баянхонгор аймгийн нийт ард иргэд төдийгүй төрийн 32 байгууллагын ажилтан алба хаагч, аж ахуйн нэгжүүд, Төрийн бус, олон улсын байгууллага, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн туслалцаа, хандив дэмжлэгээр барьжээ.

Харин 13 дугаар цэцэрлэгийн барилга нь 1980-аад оны Ахуйн үйлчилгээний ажилчдын хүүхдийн цэцэрлэг нэртэй Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хөрөнгөөр анх барьж байсан хоёр бүлэгтэй цэцэрлэг байсан нь зах зээлийн шилжилтийн үед Ардын банкинд зарагдсан түүхтэй аж. Тэгээд 2016 онд эргээд хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглах гэж хөөцөлдсөнөөр төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг аймгийн удирдлагууд орон нутгийн өмчийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын мэдэлд шилжүүлсэн. Тус цэцэрлэг ирэх сарын 25-наас хүүхдүүдээ хүлээн авч, 09 дүгээр сарын 01-нд үйл ажилагаагаа эхэлнэ.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинээр 8 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгийг бодлогоор дэмжсэнээр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамарна.

Холбоотой мэдээ