АРХАНГАЙ: Их хүрээ оршиж байсан газар гэрэлт хөшөө босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-26 11:03:12

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Баян-Уул багт гэрэлт хөшөө босголоо. Учир нь тэнд Их хүрээ 1722-1723 онд суурьшиж байжээ.

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр А/1024 тоот захирамж гаргаснаар гэрэлт хөшөө босгохоор болж, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч З.Төмөртөмөө, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Батцэнгэл сумын Засаг дарга Ц.Зоригтхүү, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц, Монголын Бурхан шашинтны Тэргүүн гавж, доктор Ц.Отгонбаяр нар оролцсон байна. 

 

Их хүрээ нь 1719-1779 онд нийт 21 удаа нүүж байжээ. Их хүрээ анх жил бүр, жилдээ хэд хэдэн удаа нүүж байсан бол сүүлдээ сүм, дуган зэрэг олон барилгатай болж хүрээгээ тэлснээр, тэр бүр нүүж явахад төвөгтай болсон тул 5-10 жил суурин суух болсон байна. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Их хүрээ нь Архангай аймгийн Өгийнуур сумын Орхоны хөндийд Хутагтын өргөө 1640-1654 онд, Төвшрүүлэх сумын Хөх сүмийн туурийн дэргэд 1700-1719 онд суурьшиж байжээ. Эдгээр сумдад гэрэлт хөшөө босгосон байдаг байна.

Холбоотой мэдээ