Мари Фавэругийн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" ном монгол хэлээр хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-23 14:10:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монсудар" хэвлэлийн газраас Мари Фавэругийн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номыг орчуулагч Ч.Баатар, Ш.Номиндарь нарын орчуулгаар монгол хэлээр хэвлэн гаргажээ. 


Мари Фавэру (Marie Favereau Doumenjou) нь Францын Дорнын Археологийн институтийн гишүүн, Ахисан түвшний Судалгааны институтийн зочин эрдэмтэн бөгөөд Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” хэмээх томоохон төслийн гишүүн, Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч хүн юм. Тэрбээр өмнө нь "La Horde d’Or et le sultanat mamelouk" болон "Genghis Khan" зэрэг зурган өгүүлэмжтэй номуудыг тус тус гаргасан байна.


Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг түүний 2021 онд бичсэн “Алтан Орд: Монголчууд дэлхийг  өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World)  хэмээх ном нь судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй хэвлэлийн газруудын анхааралд байж, хамгийн гүйлгээтэй номын тоонд орж байсан юм. Уг номд, Монголын байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл, засаглал, хөгжил, оршин тогтнох хугацаандаа нүүдэлчин шинжээ хадгалахын зэрэгцээ зохицон хувьсаж, өөрчлөгдсөн түүхийг судалгаагаар гаргаж, Алтан Орд улсыг үүсгэн байгуулагч, Их Монгол Улсын Чингис хааны ууган хүү Зүчийн удмынхны үе залгамжлан баримталж ирсэн бодлогыг шинжлэн судалж дүгнэлт өгсөн байна.


Монголчуудын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд улс юм. Энэхүү улс нь өнөөгийн газрын зургаар Украин, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон ОХУ, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутагт 300 орчим жил оршин тогтносон түүхтэй. 

Номын зохиогч, түүхч Мари Фавэру Монгол Улсад хүрэлцэн ирж, 5 дугаар сарын 21-нд "Чингис хаан" музейд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарт номоо танилцуулж, дурсгажээ.

Холбоотой мэдээ