Бусаны кино наадамд “Монгол үдэш” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-09 17:32:51

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Соёлын яамны харъяа Кино урлагийн зөвлөл Бусаны олон улсын кино наадмын үеэр “Монгол үдэш”-ийг зохион байгуулжээ.


Тус өдөрлөгийн хүрээнд Бусаны олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг оролцуулжээ. Уг өдөрлөгт калиграфчин С.Хөгжилбаяр оролцож Монголын үндэсний уран бичлэгийг олон улсын уран бүтээлчдэд таниулав. Кино наадмын үеэр Монголын соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас олны хүртээл болгохоос гадна манай улсад зураг авалтаа хийх боломжтой онцгой байршлуудыг танилцуулсан байна.


Бусаны кино наадамд 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг аж. Уг наадамд Монголоос найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон”, П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино “A window of Asian cinema” хэсэгт албан ёсоор шалгарчээ. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгарсан байгаа юм.

Холбоотой мэдээ