Шинэ жилийн үзвэрийн ноён оргил нь “Цөмөөхэй” байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-05 15:15:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сар бол монголчуудад бага ч гэсэн баяр баясал бэлэглэж чаддаг сар.


Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн өнгөлөг гацуурууд олон байна. Тэгвэл шинэ жилийн баярын нэг хэсэг болсон үзвэр, үйлчилгээгээр сонин сайхан юу байгаа бол. Гэр бүлээрээ үзэх, бяцхан багачуудыг хөгжөөх сонирхолтой үзвэрүүдийн хуваарийг багцлан хүргэе. Сонирхож үзээд, хүссэнээ сонгоод үзэх нь танд нээлттэй.


Шелкунчик “Цөмөгч цэрэг ба Хулганы хаан”

Алдарт зохиолч Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжгийг 1816 онд бичсэн түүхтэй.  Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскскийгийн хөгжмөөс Про театрын уран бүтээлчид сэдэвлэн хүүхэлдэйн, сүүдрийн, драмын гэх мэт театрын урлагийн олон жанрыг ашиглан орчин үеийн үзэгч багачуудад хүргэж байна. Тоглолт энэ сарын 9-нөөс эхлэн 21 хоногийн турш өдөр 14:00, 17:00 цагт РЦНК-д үзэгчдийн хүртээл болно.


Щелкунчик

УДБЭТ-ын тайзнаа анх 1982 онд тавьсан хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн “Щелкунчик”-ийг энэ сарын 9-нд 17:00 цагаас дахин олны хүртээл болгох гэж байна. 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн “Марийнский” театрт анх тавьсан энэхүү бүжгэн жүжгийг зул сарын баяраар хамгийн олон удаа тоглодог, хамгийн оргил бүтээлийн нэг юм. Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Самар цөмөгчийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь “Щелкунчик” бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.


Цөмөөхэй

Жил бүр Монголын балетын хөгжил сангийн толилуулдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжиг Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар үзэгч олондоо хүрэхэд бэлэн болжээ. Энэ сарын 22-нд 19:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа амилах эл бүжгэн жүжиг таваас дээш насныханд нээлттэй.


Хүүхэд гэдэг гэнэн цагаан. Түүний хайр ид шидийг ч амилуулах хүчтэй агаад хар санааг ч ялан дийлэх аугаа юм. Тиймээс хүүхэд насны дурсамжаа эргэн дурсахуйд яг л үлгэрийн орноор аялсан мэт санагдах нь олонтаа. Тэгвэл танд үлгэрээс л уншдаг байсан тэр төсөөллөө бодит болгох боломж байгаа гэдэгт та итгэх үү. Эрэлхэг, сайхан сэтгэлт Клара охин болон дайчин Цөмөөхэйн амттаны орныг зорих адал явдалт аяллыг тольдон хамтдаа аялаарай.


Цөмөөч ханхүү ба Хулганы хаан

Алдарт бүжгэн жүжгийг “Олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи”-иас санаачлан энэ сарын 23-нд 12:00 цагаас “Корпорейт”-д тоглохоор болжээ. “Цөмөөч Ханхүү ба хулганы хаан” хүүхдийн бүжгэн жүжгийн төсөл нь зөвхөн балетын мэргэжлийн сургуулиудад суралцаж буй сурагчид бус харин энгийн сургуулийн бүжгийн урлагт сонирхолтой 270 гаруй сурагчдын оролцоог дэмжин туслах дүрүүдэд тоглуулж, хүүхдүүдэд зөвхөн үзэгч байх бус тэдний оролцоог өргөн хүрээнд хамруулах боломж олгосноороо сонгодог уран бүтээлүүд, сонгодог хөгжим, сонгодог балетын урлагийн боловсролын тухай ойлголт өгөх, түүний гайхамшгийг биечлэн мэдэрч, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах, шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр, мартагдашгүй дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.


Зул сарын аялгуу

Шинэ жилийн өмнө алжаал тайлах хамгийн тансаг тоглолт энэ байх болов уу. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга Монголын тайзнаа анх удаа жазз опера тоглох гэж байна. “Зул сарын аялгуу” тоглолт хоёр хэсэгтэй  юм. Эхний хэсэгт “Анир” поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ. Харин хоёр дахь хэсэгт 50 жилийн түүхтэй Улсын филармонийн “Баянмонгол” жазз оркестртой хамт жазз операг үзэгчдэдээ хүргэх ажээ. Энэхүү тоглолт энэ сарын 16-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болох товтой.

Зөрүүд Гринч

Доктор Сьюзийн “Гринч-Зул сарыг хулгайлсан нь” зохиолоос сэдэвлэн “Улаанбаатар” театр, “Маппет” театр хамтран “Зөрүүд Гринч” нэртэй шинэ жилийн драмын жүжгээр багачууддаа бэлэг барьж байна. Энэ сарын 9-нөөс эхлэн найман өдөр 11:00, 13:00, 15:00 цагаас тоглох аж.


Хэний ч үл мэдэх “Хэн” нэртэй хотод ийм нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байтал тээр тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг гуниглаж өнгөрүүлнэ. Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Лхагва ажиллажээ.


Үлгэрийн ертөнц

“Алаг мэлхий” энтертайнментынхан “Үлгэрийн ертөнц” хүүхдийн шинэ жилийн шоуг дөрвөөс дээш насныханд зохион байгуулж байгаа аж. Орчин цагийн үлгэрийн баатрууд бяцхан үзэгчидтэйгээ энэ сарын 17-нд 12:00 цагаас “Улаанбаатар Палас”-т уулзахаар тов тогтоосон байна.


Булцгар найзуудын шинэ жил

Булцгар найзуудад тохиолдсон шинэ жилийн сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хүүхдийн жүжигчилсэн тоглолт шинэ жилийн баярыг угтан тоглох гэж байна. Жүжгийг Булцгар” брэндээс зохион байгуулж байгаа бөгөөд гурваас дээш насны багачууд үзэх боломжтой ажээ. Тоглолт энэ сарын 23-нд 13:00, 15:30 цагаас “Улаанбаатар палас”-т болно. 

Холбоотой мэдээ