АРХАНГАЙ: Мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн 101 багш сeртификатаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-03 11:12:46

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрын санхүүжилтээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийг Архангай аймагт хэрэгжүүлж дууслаа.


Төслийн хүрээнд англи хэлний багш нарын мэргэжлийн мэдлэг, арга зүйг дээшлүүлэх зорилгоор 10 хоногийн танхимын сургалт болон 14 хоногийн цахим сургалтыг нийт 101 багшид зохион байгуулж, энэ сарын 2-ны өдөр сертификат гардууллаа.


Энэ төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Б.Нэргүй, Д.Бадамханд, Хотонт сумын багш Э.Дэлгэрмөрөн, Тариат сумын багш Б.Лхамжаргал нар цахим болон танхим хосолсон сургалтад хамрагдаж, ментор багшаар бэлтгэгдэн ахисан түвшний сертификат авчээ. Ментор багш нар аймгийн англи хэлний багш нарт зөвлөн тусалж ажиллах юм.


Английн ЭСЯ-ны дэд сайд Софи Воррель, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Мү нар сертификат гардуулах үйл ажиллагааны төгсгөлд англи хэлний клуб дугуйлангийн сурагчидтай уулзаж, боловсролын чиглэлээр ярилцсан нь сурагчдыг өөртөө итгэлтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх боломж олгосон үйл явдал боллоо.  

“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шат нь Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймгийн 450 гаруй англи хэлний багш нарын хэлний болон заах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

Холбоотой мэдээ