АРХАНГАЙ: “Брайл цонх” төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран “Брайл цонх” төслийг энэ онд хэрэгжүүлж байна.
Харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсэг заах 14 өдрийн сургалт эхлээд
дунд шатандаа явж байна.
Энэ сургалт нь брайл үсэг мэддэггүй, уншиж, бичиж чаддаггүй харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсэг заах, унших, бичих чадвар олгох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн сургалтад сургууль, цэцэрлэгийн 20 багшийг хамруулж, брайл бичгийн түүхэн хөгжил, зургаан цэгийн байрлал, тоо болон тэмдэг тэмдэглэгээ, дөрвөн үйлдлийн тоо бодох зэрэг хичээлүүдийг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны багш Ч.Амарзаяа, Т.Эрхэс нар зааж байна. Сургалтын дараа сургагч багш нарыг бэлтгэн, харааны бэрхшээлтэй иргэдэд энэ мэдлэгийг түгээх зорилготой юм.
Архангай аймагт 3300 гаруй хөгжлийн
бэрхшээлтэй иргэн байгаагаас 450 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна.