АРХАНГАЙ: “Бяцхан инженерүүд” уралдаанд 2 дугаар цэцэрлэг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-13 15:12:17

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор анх удаагаа цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг хамруулсан “Бяцхан инженерүүд” уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.


Аймгийн Боловсролын газраас “Маргаашийн боловсролыг хамтдаа бүтээе” уриатай зохион байгуулсан уг тэмцээнд STEAM тоглоом бүхий долоон цэцэрлэгийн 7 багийн 28 хүүхэд бүтээлч байдал, хурд, сэтгэн бодох, талбайрлах ур чадвараараа өрсөлдсөн юм.


Тэргүүн байрт Эрдэнэбулган сумын 2 дугаар цэцэрлэгийн баг, хоёрдугаар байрт Эрдэнэбулган сумын 11 дүгээр цэцэрлэгийн баг, гуравдугаар байрт Хайрхан сумын цэцэрлэг, тусгай байрт Эрдэнэбулган сумын 14 дүгээр цэцэрлэг, Жаргалант, Хангай, Хотонт сумын цэцэрлэгийн багууд орлоо.


Архангай аймгийн хэмжээнд 33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Ирэх жилүүдэд илүү олон цэцэрлэгийг оролцуулахын тулд STEAM тоглоомоор хангах хэрэгцээ шаардлага байгаа нь энэхүү уралдаанаас харагдаж байлаа.


Тэмцээн нь сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүн, STEAM ур чадварыг (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик) дадлагажуулан, хүүхэд, багш, эцэг эх асран хамгаалагчид, мэргэжил арга зүйн байгууллагууд сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах, харилцан суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд бага насны хүүхдийг шинжлэх ухаанч, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлж, STEAM боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглүүлжээ.

 

Тэмцээний бүтээлүүдийг “Тогтвортой хөгжлийн бодлого”, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн хүрээнд монгол ахуй, эх дэлхий, ухаалаг, ээлтэй хот, ирээдүйн инженерүүд, ногоон байгууламж гэсэн таван сэдвээс сонгон хийсэн байна.

Тухайлбал, ногоон байгууламж сэдвийг сонгосон багийн бүтээлийг шүүгчид үнэлэхдээ зөвхөн гүйцэтгэлээс гадна тухайн зорилгодоо хүрсэн эсэх, ямар асуудал дэвшүүлсэн, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэргийг гол шалгуур болгон авч үзжээ.

Мөн хүүхдүүдийн ухаалаг, ээлтэй хот болон ногоон байгууламжийн сэдвийн хүрээнд хийсэн бүтээлүүдэд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний шийдлийг тусгаснаараа онцлог болжээ.


Энэхүү тэмцээн нь өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг болсон бөгөөд шалгарсан багууд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Улсын аварга болсон бяцхан шинженерүүд Тайланд Улсад зохион байгуулах олон улсын тэмцээнд явах эрхээ авах юм.  

 

STEAM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик) тоглоом нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, логик дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх чадвар болон багаар ажиллах ур чадварыг хөгжүүлдэг. Мөн гарын жижиг булчингийн хөгжил, орон зайн мэдрэмжийг сайжруулж, сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүдэд инженерийн суурь ойлголтыг тоглоомын аргаар олгодог ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ