АРХАНГАЙ: Иргэдэд чиглэсэн мэдээлэл боловсруулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-15 12:29:54

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээ болон шийдвэр гаргалтад иргэдийг цахимаар хамруулахыг уриалах мэдээ боловсруулах сургалт боллоо. Энэхүү сургалт нь иргэдэд чиглэсэн мэдээллийг үр дүнтэй хүргэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.

 

Дижитал ур чадвараа дээшлүүлснээр иргэд төрийн үйлчилгээ авах болон шийдвэр гаргалтад илүү хялбар, хүртээмжтэй байдлаар оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Сургалтыг мэдээлэл, харилцааны чиглэлээр 35 жилийн туршлагатай “Каталист плас” байгууллагын канад зөвлөх Жэнис Эдгар удирдан явууллаа. Тэрбээр “Товч, ойлгомжтой, зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцсэн мессеж илүү үр дүнтэй байдаг. Иргэдтэй харилцахдаа тэдний байр сууринаас хандаж, тэдний амьдралд хамааралтай, ач холбогдолтой үйлчилгээ, хөтөлбөрүүдийг онцолсон мессеж боловсруулах нь зүйтэй” хэмээн зөвлөжээ.

 

Архангай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Жамсрандорж сургалтын ач холбогдлыг онцолж, иргэд, ялангуяа алслагдсан болон хүрч очиход хүндрэлтэй бүлгийн иргэдийг цахим үйлчилгээнд хамруулахад чиглэсэн зорилтот мессежийг оновчтой боловсруулах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр “Иргэн бүр өөрийн хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээг авах, мөн төрийн шийдвэр гаргалтад санал, хүсэлтээ цахимаар илэрхийлэх боломжтой гэдгээ мэддэг байх нь чухал” хэмээн тэмдэглэв.

 

Сургалтыг “Каталист плас” байгууллагын i-LEAD хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Архангай аймагт 36 төрийн албан хаагчийг хамруулан зохион байгууллаа.

Холбоотой мэдээ