АРХАНГАЙ: Булган уулын хаданд бурхдын дүрслэл, бичгийн дурсгалууд хадгалагдан үлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт оршдог Булган уулын энгэр хаданд Богд Зонхов тэргүүтэй Жанрайсэг, Жанцав, Дармаринчен, Хайдав Гэлэгбалсан, Ловон Бадамжунай, Авид зэрэг бурхдын хөргийг өнгө ялган будаж дүрслэн бүтээсэн нь өнөөг хүртэл тод хадгалагдан үлджээ. Түүнчлэн уйгуржин монгол болон төвөд бичгээр сийлсэн бичгийн дурсгалууд ч бий.
XVII зууны сүүлчээр Зая бандид Лувсанпринлэй Төвөдийн Хөхнуурт дээд монголчуудын заллагаар өмнөд хошуудад ном айлдан удаан хугацаагаар саатан морилжээ. Түүнийг буцаж ирэх үед Булган уулын өврийн Бор толгой дээр нэгэн сүм барьсан нь өдгөө Галданзуу сүм хэмээн нэрлэгддэг байна. Зая бандид Лувсанпринлэйн шавь нар “Чин вангийн хошууны ноёд биднээс асуулгүй нэгэн сүм барьсан. Бид эсэргүүцэн тэмцсэн боловч ноёдын хүчинд дарагдан дийлээгүй” хэмээн өгүүлжээ.
Удалгүй сүм бариулсан Ван гэгээнтэй уулзаж, “Би танай хүрээний эх тархинд өөрийн шүтээн сүмийг бүтээлээ. Одоо тамгын сүм барьж, хошууны албыг эрхэлнэ. Ингэснээр Булган уулын өмнөх энэ хүрээ манай хошууны мэдэлд орно” хэмээн хэлжээ.
Зая гэгээн хэсэг бодол хийсний эцэст “Хүрээний тархинд шүтээнээ бүтээдэг нь хүрээний эзэн болохын шинж бол би ч мөн адил зална. Учир нь 40 жилийн өмнө энд миний хүрээ хурал, сургуулиа эхлүүлж байсан юм” хэмээн өгүүлжээ. Үүний дараа Лувсанпринлэй хутагт шавь нарынхаа хамт Булган уулын энгэрийн хамгийн том тэгш хавтгай хадыг олж, тэнд Богд Зонховын бурхан дүрийг өөрийн гараар зурж, бүтээн хүрээнийхээ эх тархинд шүтээнээ залсан бөгөөд ийнхүү ноёны эрх мэдлийг даван хүрээгээ авч үлдсэн гэдэг. Түүнээс хойш дараагийн Зая хутагтууд бурхад нэмж бүтээсээр бурхантай уул болгосон бөгөөд зул мандаах уламжлал ч эндээс үүссэн хэмээн үздэг.
Хангайн нурууны Их Ноён салбар нуруунаас эх авч зүүн хойш чиглэн, Хойд болон Урд Тамир голын хоорондуур усны хагалбар даган үргэлжилсээр хоёр Тамирын бэлчирт хүрч төгсдөг 130-140 км урт Сүмт хан өндөр нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог.
Булган уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэсэн байна.
Харин 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын тогтоолоор дархан цаазат газар болгосон. Ингэснээр байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад хамрагдаж байна.
