СЭЛЭНГЭ: Филиппин багш ажиллуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны дөрөвдүгээр сарын
22 /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн боловсролыг дэмжих жил”,
“Гадаад хэлтэй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд
Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад Филиппин Улсын англи
хэлний мэргэжлийн багшийг ажиллуулах боломж, ач холбогдол, хэрэгжилтийн талаар
танилцуулах, санал солилцох өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн
хүрээнд аймгийн Боловсролын газар, Монгол-Филиппиний Боловсрол, соёлын төв,
Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн сайн туршлагын талаар мэдээлэл хийж,
цаашид ерөнхий боловсролын сургуулиудад филиппин багш нарыг ажиллуулах боломж, нөхцөлийн талаар харилцан, санал солилцож байна.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуульд 2025 оны 11 дүгээр сараас эхлэн олон улсад багшлах эрхтэй, англи хэлний мэргэжлийн филиппин багш ажиллуулж эхэлсэн сайн туршлага бий.
Энэхүү мэргэжлийн багш нь сурагчдад англи хэлний хичээл заахаас гадна гадаад хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна.