Бүтээлч багийнхан сум бүрт хүрч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-12 18:01:07

Ховд/МОНЦАМЭ/  Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нийгмийн гурван  талт түншлэлийн хүрээнд Хөгжил Политехник коллеж, аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран “Зохистой хөдөлмөр- Хөдөлмөрийн бүтээмж” аяныг өрнүүлэн ажиллаж байна.


Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймгийн Ажил олгогч эздийн холбооны хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал, нийгмийн хамгааллын асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу дээрх аяныг өрнүүлж байгаа ажээ.


 Уг аяны хүрээнд төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, хөдөлмөрийн харилцаа, эерэг хандлага, сэтгэл ханамж, ёс зүйн талаар сургалт зохион байгуулаад байна.

Аяны хүрээнд Хөгжил политехник коллежийн төгсөх ангийн оюутнуудаар хөдөлмөрийн бүтээмжийн баг бүрдүүлэн байгууллагын ажлын байрны эмх цэгц, орчныг сайжруулахад чиглэгдсэн ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэж байна. 
Мөн
тус  багт ахмад эмч Т.Бямбаа, ахмад багш Г.Сонин нар хамтран оролцож иргэдийг эмчийн үзлэгт хамруулан, ажлын байрны дасгал хөдөлгөөн зааж сургаж байна. 
Тус аяны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний 
газраас санхүүжүүлэн аймгийн ҮЭ-ийн холбоо ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлж байна. 
Энэ
хөдөлмөрийн бүтээмжийн Бүтээлч  баг хөдөөгийн бүх сумдад хүрч ажиллах бөгөөд одоогийн байдлаар Мөст, Цэцэг, Зэрэг суманд амжилттай хийж гүйцэтгэлээ. Ирэх долоо хоногт Мөнххайрхан, Дуут сумдад ажиллах ажээ.

  

                                                                                                              А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ