И.К.Азизов: "Спутник V” вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэлээ.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Оросын Засгийн газрын комиссын ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дурдав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газрын комиссын 23 дугаар хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай ажил өрнүүлж Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, "COVID-19"-ийн эсрэг “Спутник V” вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын комиссын 23 дугаар хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.