ДАРХАН-УУЛ: Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-31 18:27:51

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын ес дэх удаагийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар тус сумын засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.


Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа салбар бүрийн эрдэмтэн судлаач, багш, инженерүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хөтөлбөр боловсруулах ажлын баг нийт зургаан удаа хуралджээ. Эрх зүйн бодлогын баримт бичигт нийцүүлэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байна. 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, бүсчилсэн хөгжлийн үзэл, орон нутгийг хөгжүүлэх, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн залгамж чанарыг хадгалахад анхаарсан дөрвөн бүлэг, 21 дэд бүлэг, 43 зорилт, 165 арга хэмжээг төлөвлөж Дархан сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.


 


Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа: Ард түмнийхээ итгэл, сэтгэлийг хүлээж иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө та бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдаж дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр дамжуулан хийж хэрэгжүүлэх нь чухал.


Төр, иргэний хамтын уялдаа холбоо, төрийн болон төрийн бус байгууллагууд бусад чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах замаар Дархан сумынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, хүн төвтэй хот болно.




Мөн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эрүүл, аюулгүй, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллахын тулд олон удаагийн зөвлөгөөн зохион байгуулж салбар бүрийн судлаачдын саналыг тусгасан тул үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бодит байна гэв.


Холбоотой мэдээ