“Дон Кихот” тайзнаа амилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 61 дэх улирлын нээлтээ Ж.Бизегийн “Кармен” дууриар хийсэн. Тэгвэл маргааш, нөгөөдөр Л.Минкусын “Дон Дихот” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах нь ээ.
Энэхүү бүжгэн жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин О.Анужин болон
соёлын тэргүүний ажилтан Г.Нямцэрэн нар тоглохоор болжээ. Харин үсчин залуу
Базилийн дүрийг А.Эрдэнэболд, Д.Нацагдорж амилуулах юм.
Уг бүжгэн жүжгийг ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх М.Сервантесын зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй уг бүтээл цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх бүжгэн жүжгийн тоонд ордог.
“Дон Кихот”-ыг анх 1743 онд Францын дуурийн театрын тайзнаа бүжгэн жүжиг хэлбэрээр тавьсан байдаг. Харин манай улс анх 1971 онд үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй бөгөөд 52 дахь жилдээ олны сонорыг мялааж байгаа нь энэ.
Бүжгэн жүжигт
Китри, Базиль хэмээн хосын хайр дурлал, тэдний хайр сэтгэлд хөндөлсөх баян
тайж, туйлбаргүй зант эх, хос хоёрын хайр сэтгэл ба хувь заяаг аятай таатай
шийдэхээр ухаан сийлэх Кихот ноён нарын дүр гарна. Балет нь аль нэг дүрийн үйл
явдлыг онцлохоос илүүтэй бүхий л жүжгийн турш догдлуулах өрнүүн тансаг үйл
явдал, сэтгэлээс үл мартагдах цогтой өрнөлийг үзүүлдэг өөрийн гэсэн өвөрмөц
онцлогтой.